Н.Энхбаярын ялтай тооцох хугацаа өршөөгдсөн гэв
МАХН-ын Гүйцэтгэх товчоо өнөөдөр хуралдаж, Шадар сайдад МАХН-ын дарга Н.Энхбаяр, ЭМС-ын сайдад Ц.Оюунбаатар нарыг томилуулахаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт албан ёсоор хандсан байна.
Энэ талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгч Ц.Шаравдорж, нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян нар мэдээлэл хийлээ. Шадар сайд Ц.Оюунбаатар албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Тэрээр Г.Шийлэгдамбын оронд ЭМС-ын сайдын албан тушаалыг түр орлон гүйцэтгэж байсан юм. МАХН-ын гишүүн Ц.Шаравдорж, Э.Эрдэнэжамъян нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
-Н.Энхбаяр даргын албан тушаал хаших эрх нь нээгдсэн гэсэн үг үү. Тухайлбал ялтай тооцох хугацаа гэдэг зүйл яригдаж байна?
Ц.Шаравдорж: -Монгол Улсын Өршөөлийн тухай хуулиар нэмэгдэл ял буюу ялтай тооцох хугацаа өршөөгдсөн. Тийм учраас ямар ч саад байхгүй.
Э.Эрдэнэжамъян: -2006 онд шүүхээс өгсөн ял байгаа. Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар уучлагдсан. Ял шийтгэлтэй тооцох гэж ойлголт байдаг. Наймдугаар сард гарсан Өршөөлийн хуулиар ялтай тооцох хугацаа, бусад нэмэгдэл ял, хөнгөн ял бүгд өршөөгдсөн. Монгол Улсын бүх иргэдийн адилаар Н.Энхбаяр дарга Өршөөлийн хуульд хамрагдсан гэж хэлж болно.
-Шадар сайд болгох саналыг танай намаас тавьсан юм уу, Ардчилсан намаас тавьсан юм уу?
-Манайх ямар нэгэн санал тавиагүй. Анх Ерөнхий сайдаас энэ санаачлага гарсан.