"АН-ыг хуулийн байгууллагаар шалгуулна"

2015 оны 12 сарын 10

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Д.Оюунхорол, Ч.Хүрэлбаатар, хуульч Б.Энхбаяр нар  "МАН Цэцтэй хуйвалдан орон сууцны 8 хувийн зээлийг 20 болгууллаа” гэдэг цуурхал, гүтгэсэн мэдээллийг түгээсэн. Зориудаар худал ташаа мэдээлэл түгээж, намын нэр хүндэд ноцтойгоор халдаж байгаа гэж үзсэн тул АН-ыг шүүхэд өгч хуулийн байгууллагад хандан шалгуулах” тухай мэдээлэл хийлээ.  

 
 

Хурлын эхэнд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “АН-аас зохион байгуулалттайгаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд ташаа мэдээлэл түгээж байна. Өнөөдөр ч энэ ажлаа үргэлжлүүлж байгаа учраас энэ ташаа мэдээллээ залруулахыг АН-аас шаардаж байна. Өнөөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр энэхүү гүтгэлгийн шинжтэй мэдээллийг залруулж, ард иргэдэд үнэн бодитой мэдээлэл өгч үг хэлэх гэсэн гишүүдийн эрхэнд УИХ-ын дарга халдаж микрофоныг нь хаасан тул хэвлэлийнхэнд хандаж байна гэж онцолсон юм.

“Үндсэн хуулийн цэц өчигдөр иргэн А.Базарын гомдлын дагуу 2015 оны аравдугаар сард дунд суудлаар шийдвэр гаргаад түүнийг нь УИХ хүлээж аваагүй тул Иргэний хууль, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн 13 тоот шийдвэр гаргасан юм байна. Иргэн А.Базар нь 8 хувийн зээлийн барьцаанд байгаа орон сууцаа иргэн хүн бусдад түрээслэх, дамжуулан түрээслэхдээ заавал банк санхүүгийн байгууллагаас зөвшөөрөл авч буй нь иргэний хувийн өмчийн эрхэнд халдсан байна гэсэн агуулгатай гомдол гаргаж Цэц хүлээн авсан байна. Улмаар өчигдөр Цэц уг иргэний гомдлыг Их суудлаараа эцэслэн хүлээн авчээ. Гэтэл Ардчилсан намаас энэ асуудлыг МАН-тай зориуд холбож, улмаар 8 хувийн зээлийн хүү 20 болж байгаа мэтээр ор үндэсгүй гүтгэлгийг зохион байгуулалттайгаар тараасаар байгаа учраас няцаалт хийж байна” гэж Ч.Хүрэлбаатар гишүүн мэдэгдлээ.

Мөн тэрээр "Цэц банкны зээлийн хүү хэд байхыг хэлэлцэж шийддэг газар биш. Хэрвээ Цэц зээлийн хүүг шийддэг газар юм бол одоо бүгдээрээ нийлж байгаад орон сууцны зээл хүүгүй байна гээд хандъя. Мэдээж Цэц тийм шийдвэр гаргахгүй шүү дээ. Найман хувийн зээлтэй хүн арилжааны банктай байгуулсан гэрээнийхээ дагуу найман хувиа төлнө. Үүнийг 20 болгодог ямар ч хууль эрх зүйн орчин байхгүй. АН төрийн бүх эрхийг барьж байгаа. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд бүгд АН-ынх. Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүнийг 2012 оны сонгуулийн дараа томилсон. Цэцийн хоёр өөр дүгнэлтийг хольж хутгаж, ийм арчаагүй, ядарсан аргаар улс төр хийхээ зогсоохыг эрх баригчдаас шаардаж байна" гэлээ.  

Дашрамд, Иргэн А.Базар зээлийн хүүний асуудлаар гомдол гаргаагүй, Цэц энэ талаар шийдвэр гаргаагүй. Нөгөө талаар 8 хувийн зээлийн орон сууцны хөтөлбөр нь Монгол Улсын Засгийн газар ба Монголбанк хамтран хэрэгжүүлж буй Засгийн газрын хөтөлбөр. Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нь Засгийн газар, Монголбанк.  Эдгээр байгууллагууд энэ хөтөлбөрийг зогсоосон, 8 хувийг 20 болгосон ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа юм. Өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцсэн Цэцийн дүгнэлт нь дээрх асуудлаас огт өөр буюу газрын барьцааг банк санхүүгийн байгууллага үл маргах журмаар хураан авч, дуудлага худалдаагаар зарах нь иргэний шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхэнд халдсан байна гэсэн огт өөр асуудал юм. Гэтэл Цэцийн хоёр өөр шийдвэрийг зохион байгуулалттайгаар хольж хутгаад, МАН зохион байгуулсан гэдэг гүтгэлэг тарааж байгаа нь Ардчилсан нам эдийн засгийг самарч, банк санхүүгийн байгууллагын зээлийн эрсдэл нэмэгдэж, зээл олголт хумигдаж, ард иргэдийн амьдрал, бизнесийн орчин хүндэрсний бурууг өөрсдөөсөө зайлуулах гэсэн башир арга боллоо гэж мөн мэдэгдлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26889
0 эможи
keyboard_arrow_up