ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ ГАРЫН ҮСГИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ ГЭЛЭЭ
УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг өчигдрийн хуралдаанаараа хэд, хэдэн асуудлыг хөндөж ярилцжээ. Гэхдээ ирэх лхагва гарагт бүлгийн ээлжит бус хуралдаан хийж, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбын талаар мэдээлэл сонсохоор болсон байна. Үүний зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад айлчлал, Монгол Улс байнга төвийг сахих бодлогын тухай хуулийн төсөл, АСЕМ-ын хуралдааныг Улаанбаатар хотод зохион байгуулахад эдийн засгийн чадавхи ямар байгаа, Халх гол төсөл, Тавантолгойн ажилтан С.Эрдэнэ өөрийгөө шатаасан асуудлыг нухацтай ярилцаж бүлгийн байр суурийг нэгтгэх нь зүйтэй гэж үзжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Өчигдрийн бүлгийн хуралдаанаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Ю.Цэдэнбалын нэр төрийг сэргээж алдар гавьяаг нь мөхжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн талаар тодорхой мэдээлэл авах шаардлагатай. Үүний дараа байр сууриа нэгтгэхээр болсон аж. Мөн “УИХ-аар Сонгуулийн хуулиуд хэлэлцэгдэж эхэлсэн. Хуулийн төслүүдийг нэгтгэж, ажлын хэсэг байгуулахаар болсон. Түүнд эвслийн бүлгийг төлөөлөн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Н.Батцэрэг нарыг ажлын хэсэгт ажиллуулахаар томилсон” хэмээсэн юм. Түүнчлэн Дубайн гэрээтэй холбоотой асуудлыг дахин ярьж, Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулж, гүйцээх ёстой гэж үзсэн байна. Бүлгээс нэр бүхий гурван гишүүн Ерөнхий сайдыг огцруулах санаачилга гаргасан. Үүнтэй холбоотойгоор Ч.Улаан гишүүн дэмжиж байсан ч намынхаа шийдвэрийг даган хэсэг хугацаанд түдгэлзээд байгаа аж. Гэхдээ гарын үсэг цуглуулах ажиллагаа үргэлжилнэ.
Одоогийн байдлаар 16 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан гэдгийг УИХ-ын гишүүн Г.Уянга мэдэгдсэн юм. Мэдээлэл хийх үеэр бүлгээс Дубайн гэрээний үндэс болсон Оюутолгойн гэрээг бүхэлд нь ярих ёстой гэж үзэн, энэ гэрээг цуцлах эсэх асуудлаар ард нийтээс санал асуух нь зөв юм. Энэ асуудлыг УИХ-д оруулах нь зөв гэсэн шийдэлд хүрснийг энэ үеэр хэлсэн юм.