Ардчилсан намын дарга ацан шалаанд оржээ
Батзаяагийн баривчлагаа, Шийлэгдамбын авилгал гээд сүүлийн үеийн улс төр халуун сэдвээр хангалуун байгаа. Төмөр зам, Тавантолгой тойрон хэдэн жил хэрэлдсэн улстөрчдийн хуурамч баг эхнээсээ хуйларч байна. Өмнө нь хэрэгт холбогдсон намынхаа нөхдөд “хийгээгүй л бол шалгуулчихаачюунаасаа айсан юм” хэмээн даналздаг байсан хэсэг нь “манай цагдаа улстөрждөг, улс төрөөс болж хэлмэгдлээ” хэмээн ичихгүй зарлаж, улстөрч хоёр биш хорин нүүртэй гэдгийг олон нийтэд батлав. Одоо даанч хэн ч үнэмшихгүй гэдгийг тооцсонгүй. Эсвэл тооцоод ч өөр арга олоогүй юм уу.
Авилга албан тушаалаа ашигласан хэрэг тусдаа, нам улс төрийн хэрэг тусдаа гээд Н.Алтанхуягийн зөвлөхийг яллах үед Ардчилсан нам шийдчих шиг болсон. Тэгэхээр “миний баг хамгаалалтгүй байна” гэж хэчнээн зүтгүүлээд ч Ардчилсан намаас дэмжлэг авах боломж Х.Баттулга гишүүнд олдохгүй л болов уу. Намын дарга гишүүний үгэнд орж багийг нь хамгаалах гээд үзвэл түүнээс хүнд байдалд орохоо эрх биш тооцоолсон байх. Женко гишүүний үгэнд орж Засгийн газраа унагаавал ирэх сонгуулиар намаа булшлах нүхээ ухна гэдгээ хашир улстөрч мэдэж байгаа. Нөгөө талаас төмөр зам Тавантолгойнасуудлаар зөвлөгөө авдаг “баг”-аа алуулаад суух мэдээж таагүй. Ёстой л ацан шалаа гэж үүнийг хэлэх байх. Сонгууль ойртож улс төрийн оноо цуглуулах шаардлагатай байхад хасах балл нэмэх баг намын даргад хэрэггүй. Энэ завсар улс төрөөс болж “хэлмэгдэгсдийн” тоо дахин нэмэгдэж Интерполоор эрэн сурвалжлагдах хүн ч гарч ирэв. Тэгэхээр хууль хяналтынхны эхлүүлсэн хэрэг хаа хүртэл хөврөхөөс намын даргын гаргах шийдвэр хамаарах биз.
Удаа дараа Засгийн газартай тооцоо бодох тухай ил далд мэдэгдсэн Х.Баттулга гишүүний хувьд өөртөө хэтэрхий эрдсэн үйлдэл хийгээд байна уу гэсэн бодол байна. Өөрийнх нь хэлдгээр хэрэг хийгээгүй бол шалгуулаад гараад ирэх юман дээр Засгийг чинь унагана гэж намаа заналхийлэх нь хэнд ч сайхан харагдахгүй. Түүний хэлсэн шалтгаанаар засгаараа оролдож байвал Ардчилсан нам нам биш хог болсны шинж. Ийм зүйл дээр дарга түүний хүслийг биелүүлэхгүй.
Харин манай улстөрчдийн булаацалддаг булууны яс Тавантолгойн асуудал тэдний багийнхаар явахгүй бол Засаг жинхэнээрээ онхолдож магадгүй. Засгийн газар ч үүнийг мэдэж байгаа. УИХ-ын дөч ч бил үү гишүүний гарын үсэгтэй тогтоолын төсөл Засгийн газарт өгөгдсөн. Энэ бол тэдний багийн даалгавар. Түүнийг яаж шийдвэрлэхээс хамааран Засгийн газрын хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна. Нэг зорилгын төлөө яваа гэдэг нөхөд нэгнээрээ хооллочихоос буцахгүй болдог энэ том булууны яс дахиад л манай улстөрчдийн хоолойд нь тээглэчихээд байна.
Бодлогоо хэрэгжүүлээд явах боломж нам нь олгохгүй, сөрөг хүчнээс илүү намдаа боорлуулсан, салаавчтай гараа хармаандаа нуусан бүлгийн гишүүдтэй, хэдийд ч урваж дараагийн засагт орохоо тохирчих шонхоруудтай ингэж үйлээ үзэх хэрэг байгаа юм уу даа гэж Ерөнхий сайдад хэлмээр.