ХҮН-ын хөгжлийн бодлого зөв
Улс төрийн товчооны гишүүн, УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан, МАН-ын Бага хурлын гишүүн Ц.Өөлдийн хүү Мөнхбат МАН-аас гарч, Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН)-д гишүүнээр элсчээ. Түүнээс дараах тодруулгыг авлаа.
-Танай аав МАН-ын гишүүн. Энэ намаас Улсын бага хурал/УБХ/, УИХ-д сонгогдож, улмаар Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан хүн. Харин та яагаад энэ намын гишүүнчлэлээс татгалзав?
-МАН бол ууган нам. Аль ч нам алдаатай, оноотой. Өнөөдрийг хүртэл хийсэн зүйлүүдийг нь залуу үеийнхэн бид үгүйсгэж болохгүй ч аавын маань үед байсан МАН одоогийн МАН хоёрын хооронд зарчмын том том ялгаа үүссэн.
-Яагаад заавал ХҮН-ыг сонгох болов?
-ХҮН цаг үеийн дуудлагаар байгуулагдсан нам. Хөдөлмөрийн үндэсний нам гэдэг нэрнээсээ хүртэл ойлгомжтой. Бид хөдөлмөрлөж, зүтгэж байж улсаа хөгжүүлэх ёстой. Энэ намд мөрөөрөө багшлаад, бизнесээ хийгээд явж байсан залуус олноороо орж иржээ. Тэд болохгүй, бүтэхгүй байна гэж шүүмжлээд суух нь амиа хичээсэн, эх оронч бус явдал мэт санагдах болсон учраас энэ намыг сонгож байна гэж ярьдаг. Чимээгүй байх нь болохгүй, бүтэхгүйд “дэм” болоод байна. Бүтцийн хувьд ч цоо шинэ. Жишээлбэл, бусад нам дотроо эмэгтэйчүүдийн байгууллага, залуусын холбоо, ахмадын холбоо гэж бүлэглээд, ангилаад ялгачихсан байдаг, тийм үү. Энэ нь бүтэц дотроо баахан дарга бий болгочихсон. Дараа нь дахиад даргын суудлын төлөө дотроо өрсөлдөцгөөдөг. Дарга бэлдэх гээд байгаа юм уу. Нийгмийн бүлгээ ангилж ялгаж хөгжүүлэх гээд байгаа юм уу. Ийм л болжээ. Харин ХҮН ийм байхгүй гэж байгаа. Бүтэц, бодлого дээр маш нухацтай, судалгаатай ажиллаж байна. Энэ намд өнөөдрийг хүртэл улстөрд оролцож байгаагүй нэр цэвэр, боловсролтой, эрүүл үзэл бодолтой залуучууд цугласан учраас тэдэнтэй нэгдэхийг хүссэн юм.
-Та МАН-д ямар нэгэн албан тушаал хашиж байгаагүй юу?
-Би зүгээр л энэ намд гишүүнчлэлтэй байсан. Бага хурлын гишүүн ч байгаагүй. Энэ намын нэрээр ямар нэгэн албан тушаал хашаагүй. Намын нэрээр тендерт ч оролцож явсангүй. Дандаа хувийн салбарт ажилласаар ирсэн. Анх үүсгэн байгуулсан хувийн компани маань одоо 12 дахь жилдээ ажиллаж байна. Одоо “Монгол 999” нэгдлийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа. Өмнө нь энэ нэгдлийнхээ гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Мөн “Эх орон” телевизийн захирал гэх мэтээр дандаа хувийн салбарт удирдах албан тушаал хашиж байсан.