Б.Гарамгайбаатар: Ардчилсан намд ямар нэгэн задрал явагдаагүй
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, хурлаар хэлэлцсэн асуудлын талаар бүлийн дарга Б.Гарамгайбаатар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар төсөв тойрсон асуудлуудыг ярилцсан байна. Мөн УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Төсөвтэй холбоотойгоор АН-ын бүлгээс байгуулсан Ажлын хэсгийн ахлагч мэдээлэл хийжээ. Мөн Тариалангийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцсэн байна. Засгийн газар Гацууртын ордтой холбоотой гэрээ хэлцлийн талаар Сентерра Гоулд компанитай тохиролцоонд хүрсэн тухай Ерөнхий сайд мэдээлэл хийжээ. АН-ын бүлгээс Гацууртын ордыг ашиглах тухай хуулийн төслийг өргөн барихдаа Ноён уулыг тусгай хамгаалалтад авах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн барихыг үүрэг болгожээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр АН-ыг задарч, 2-3 нам шинээр байгуулагдаж байгаа тухай мэдээлэл гарсан. АН-ын бүлгийн даргын хувьд АН задраагүй, өөр нам, эвсэл байгуулагдаагүй гэдгийг албан ёсоор хэлье. Нам байгуулж, АН-аас гарч байгаа гэх нэр нь яригдаж байгаа гишүүдээс бүлгийн даргын хувьд тодруулахад тийм асуудал огт байхгүй гэсэн мэдээлэл надад өгсөн.
Төсвийн ажлын хэсгээс Төрийн захиргааны албан хаагчдын цалинг хасах асуудал нэлээд маргаан дагуулж байгаа тухай мэдээлэлдээ дурьдсан. АН-ын бүлэг Засгийн газраас өргөн барьсан төслөөр нь батлахад анхаарах болно. Төсөв хувийн хэвшлийн татвараас бүрддэг. Төрийн захиргааны албан хаагдчын цалинг 10 хувиар хасах нь хувийн хэвшлийн ажиллах боломжийг нээж байгаа юм. Бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор 3000 хүн ажлаас чөлөөлөгдөж байгаа. АН эдгээр хүмүүсийг давтан сургалтад хамруулах, хувийн хэвшилд ажиллах боломжийг нь нээж өгөх хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн. МАН өмнө нь төрийн албан хаагчийн тоо өссөн талаар шүүмжилж байсан бол өнөөдөр 3000 мянган хүнийг ажилгүй болголоо хэмээн улс төрийн суртал, ухуулга хийж байна. Бүтцийн асуудлыг 2016 оны наймдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Гэхдээ энэ асуудал 2015 оны төсвийн тодотголтой давхар өргөн мэдүүлсэн. ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, “Тодотголтой хамт өргөн мэдүүлснээр 2016 оны төсөвт хүндрэл учруулахгүй байх боломжийг бүрдүүлэх зорилготой. Тиймээс АН-ын бүлэг үүнд өөрчлөлт оруулахгүйгээр анх өргөн мэдүүлсэн төслөөр нь дэмжих хэрэгтэй” хэмээн тайлбарласан. Үүнд бүлэг санал нэгдсэн.
Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Бүтцийн өөрчлөлтөөр ажилгүй болох 3000 хүнийг сургалтад хамруулна гэхээр дахин зардал гарахын биш үү. Нөгөө талаар хувийн хэвшлийхэн ажилчдаа цөөлж байхад шинэ ажилтан авч чадах уу?
-Төсвийн шинэчлэл, бүтцийн өөрчлөлт хийж байгаа. Бүтцийн өөрчлөлтөд зайлшгүй 3000 орчим хүн хамрагдана гэсэн тооцоо гарсантай холбоотойгоор ийм асуудал ярьж байгаа юм. Шийдлийн Засгийн газар, үүний өмнөх Засгийн газрыг байгуулж байхад төсөв хэтрүүллээ, маш олон хүнийг ажилд авч байна, яам тамгын газруудад танил талаа харж олон хүнийг ажилд авч байна, энэ нь төсөв хүндрүүлээд байна гэж сөрөг хүчингүүд ярьж байсан. Энэ нь алдаа байгаад, үүнийгээ засч залруулъя, бүтцийн өөрчлөлт хийе гэхээр 3000 хүнийг ажилгүй болголоо гэх юм. Тэгэхээр бүтцийн өөрчлөлтөд хамрагдах эдгээр хүнийг зүгээр ажилаас нь чөлөөлөөд орхих биш, давтан сургалтад хамруулах юм. Үүнд төсвөөс мөнгө гарахгүй. Хувийн хэвшилд шилжүүлнэ гэдэг нь эдгээр хүн зах зээлийн жам ёсоор хувийн хэвшилд ажиллах боломж бий гэсэн саналыг хэлж байгаа юм.
-Яг ямар албан тушаалтан цомхотголд орж байгаа вэ?
-Төрийн захиргааны албан хаагчдын асуудал яригдаж байгаа. Мөн давхардсан албан тушаалууд орж байна. Улс төрийн албан тушаалтангуудын цалинг 30 хувиар хасч байгаа.
-Төсөв хүнд байна, таналт хийх ёстой гэж 3000 төрийн албан хаагчийг цомхотгоно гэж ярьж байна. Тэгсэн хэрнээ, Оюутолгойн гэрээнд зөвөлгөө авахад төлбөрийг төсвийн тодотголд оруулж ирсэн байна. Энэ төлбөрийн мөнгийг яагаад ингээд дахин дахин оруулж ирээд байгаа юм бэ?
-Оюутолгойн асуудлыг өнөөдрийн бүлгийн хурал дээр ярьсангүй. Энэ талаарх мэдээллийг Ерөнхий сайд өгсөн нь илүү дээр байх. Ямар ч байсан Оюутолгойн гэрээ хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Аль аль тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй. Тэр хуулийн хүрээнд л явж байгаа.
-Халх голд чөлөөт бүс байгуулах асуудал дээр танай намын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
-ХХАА-ын яам өнгөрсөн долоо хоногт Халх голоор тусгайлан хэлэлцүүлэг явуулсан. Тэрэн дээр илүү тодорхой мэдээлэл өгсөн байх гэж бодож байна. Өнөөдөр бүлэг дээр Халх голтой холбоотой асуудал яриагүй.
-Ерөнхий сайдыг огцруулах асуудал дээр танай намын бүлгийн гишүүдээс гарын зурсан хүн байгаа юу
-Надад байгаа мэдээллээр 14 гишүүн гарын үсэг зурсан гэсэн. АН-аас нэг гишүүн гарын үсэг зурсан байгаа.
-Танай намын зарим гишүүд нам байгуулж тусдаа гарсан гэсэн асуудал яригдаад байна. Энэ үнэн үү?
-Хэвлэлээр Ардчилсан намыг гурав задарчихсан гээд бичээд байна. Өнөөдрийн байдлаар нэр заагдсан хүмүүстэй бүлгийн даргын хувиар уулзсан. Ямар нэгэн өөр нам байгуулж, зохион байгуулалтад орсон зүйл байхгүй. Тийм учраас АН-д ямар нэгэн задрал явагдаагүй гэдгийг албан ёсоор хэлье.
-Гацууртын ордын асуудал Их хурал дээр хоёр, гурван удаа орж ирээд буцаагдсан. Засгийн газраас дахин өргөн барих гэж байгаа юм байна. Үүнийг бүлэг дэмжиж байгаа юу. Дахин, дахин өргөн барих гээд байгаа шалтгаан юу юм бол. Ард нь ямар нэгэн ашиг сонирхол яваад байгаа юм биш үү.
-Гацууртын орд байнгын хардлага явж байдаг. Гацууртыг түрүүчийн УИХ-ын чуулганаар батлах гэж байхад нь сэтгүүлчид Гацуурт руу бүгд явсан. Түүнээс хойш ямар түвшинд байгааг сэтгүүлчид хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр гаргасан. Энэ асуудлыг дахиад эдийн засгийн хүнд байдал руу шилжүүлэхгүйн тулд зайлшгүй ашиглах ёстой гэдэг нь тодорхой байгаа юм. Засгийн газар, Бороо гоулд компанитай УИХ-ын гаргасан шийдвэрийн дагуу гэрээ хэлцэлд ороод асуудал нь тохиролцоонд хүрсэн гэдгийг Ерөнхий сайд хэлсэн. Тиймээс УИХ-д энэ асуудлыг эргэж оруулж ирэх шаардлагатай болсон гэсэн. Үүнийг АН-ын бүлэг дэмжиж байгаа. Нэг ёсондоо Гацууртын уурхайг ашиглахыг дэмжиж байна. Үүнтэй хамтраад Ноён уулыг тусгай хамгаалалтад авах хуулийн төслийг хамт оруулж ирэх шаардлага тавьсан.
-Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээр оруулж ирж чадахгүй байгаа юм бэ. Наймдугаар сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэхээр дараагийн Засгийн газрын үйл ажиллагааны эрхэнд халдсан үйлдэл болохгүй юу?
-Нэг ёсондоо дараагийн Засгийн газрын үйл ажиллагаанд халдаж байна гэсэн шүүмжлэлийг нэг талааараа хүлээж авах боломжтой. Нөгөө талаар хүлээж авахгүй байх нөхцөл бүрдсэн байна. 2016 оны төсвийн төсөл дээр бүтцийн асуудал яригдаагүй. Саяын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын өгч байгаа мэдээлэлээр 2015 оны төсвийн тодотголыг дагаж бүтцийн өөрчлөлт орж ирж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг шийдээд явчихвал өөр бүтцээр ажиллах боломжийг бүрдүүлж байна гэж тайлбарлаж байна. Нэгдүгээр сарын 1-нээс өөрчөлж болох эсэх асуудлыг Ардын нам яриад эхэлчихсэн. Энэ бол цэвэр тоглолт явагдаж байгаа. Ерөнхий сайдын өгсөн мэдээллээр бид энэ хуулийг батлан гаргасны дараагаар хэрэгжих хугацаа болтол зохион байгуулалтын зайлшгүй цаг хугацааг шаардаж байна гэсэн. Үүнтэй холбогдуулан наймдугаар сараас хэрэгжиж эхэлбэл илүү боломжтой юм гэсэн тайлбарыг өгсөн.