МАН-ын бүлэг: Иргэд 1.0 хувийн татвар төлөхөөс татгалзаж байна
Өнөөдөр МАН-ын бүлэг Тусгаар тогтнолын ордонд хэвлэлийн бага хурал хийлээ.
Хэвлэлийн хурлын үеэр энэ сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн баар, ресторан, амралтын газар, зочид буудлын үйлчилгээнд ногдуулах нийслэлийн албан татварыг иргэд төлөхөөс татгалзаж байгаа тухай мэдэгдсэн юм.
Хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш онлайн болон экспресс судалгаа явуулжээ. Ингээд судалгааны дүнг нэгтгэхэд онлайн судалгаанд оролцогчдын 95,9 хувь, экспресс судалгаанд оролцогчдын 51,1 хувь нь нийслэл хотын албан татварыг эсэргүүцсэн аж.
Тэгвэл Нийслэл хотын албан татварын тухай хуулийн 9.2-т “Нийслэл хотын албан татварын хувь, хэмжээг байршил, хүн амын төвлөрлийг харгалзан, 0-1.0 хувийн хязгаарт багтаан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална” гэж заасан учир нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд тогтоолын төсөл өргөн барихаар болжээ.
Тогтоолын төсөлд бүх төрлийн согтууруулах ундаа, тамхинд ногдуулах татварын хэмжээг 1.0 хувиар харин бүх төрлийн баар, ресторан, зочид буудал, амралтын газрын үйлчилгээнд 0.0 хувиар тогтоох гэж заасан аж.