АН-ын богино улс төр
Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах операцийг Г.Уянга “хөглөж”, Монгол ардын намынхан балиашиглаж, Ардчилсан намынхан араас нь шүгэлдэж байна.
Хэрэв энэ операци амжилттай хэрэгжвэл Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар С.Эрдэнэ, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар А.Гансүх очно гэсэн явган яриа улс төрийн хүрээнд өдөлж буй нь зүгээр нэг хов төдий зүйл биш болов уу. Энэ бүхний ард буюу Засгийн газрыг огцруулах гэсэн оролдлого, Ч.Сайханбилэгийг сандал суудлаас нь авч хаях санаархлын жинхэнэ эзэн нь Оюутолгойн гэрээг Дубайд очиж зурсан хэмээн Ерөнхий сайдыг буруутгаж, өнгөрсөн хавраас хойш огцруулах санал “түүж” яваа Г.Уянга гишүүн биш, Засгийн газарт уригдаж орчихоод хөөгдөж гарсан Монгол ардын нам ч биш, Тавантолгойг мэдэлдээ авах гэсэн бүлэглэлүүдийн зодооноо нууж, хаахаа больсон Ардчилсан намынхан өөрсдөө байгаа гэвэл бодит байдлаас хол зөрөхгүй биз ээ.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж буй Л.Эрхэмбаярын хэлсэнчлэн Ч.Сайханбилэг огцрох үгүй нь өөрөөс нь, тэр тусмаа Тавантолгойг “хэнд” өгөхөөс түүний танхим орших уу, эс орших уу нь хамаарах бололтой.
Ерөнхий сайдыг огцруулахаар одоогийн байдлаар УИХ-ын нэр бүхий 13 гишүүн гарын үсэг зурсан байна.
Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулж, Ч.Сайханбилэгийг С.Эрдэнээр, С.Баярцогтыг А.Гансүхээр солисноор юу өөрчлөгдөнө гэж...
Эрх барьж буй Ардчилсан намаас Р.Амаржаргал, Ж.Батзандан, сөрөг хүчнийхээ байр сууринд эргэн ирсэн Ардын намаас хамгийн олон хүн буюу О.Содбилэг, Ж.Энхбаяр, Ц.Нямдорж, Д.Хаянхярваа, Б.Бат-Эрдэнэ, Шийдлийн засагт хамтарч байгаа “Шударга ёс” эвслээс Л.Цог, Г.Уянга, Д.Тэрбишдавга, бие даагчдаас Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар Ч.Сайханбилэгийг огцруулахаар санал нэгджээ. Хамгийн сүүлд, хэрэв Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгавал Ч.Уянгын эхлүүлсэн операцийг дэмжиж, гарын үсгээ зурна гэдгээ баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Су.Батболд мэдэгдлээ. Түүнийг тоонд нэмбэл, Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барихад Г.Уянга гишүүнд дахиад таван хүний гарын үсэг дутаж байна. Одоо ч ер нь амар болж дээ, хэн хүссэн нь л "Гарын үсэг зурна" гэж айлгадаг, огцруулдаг, цуглуулдаг болж. Улс төрөөр тоглох хамгийн хялбар хөнгөхөн арга нь гарын үсэг цуглуулж, асуудал өргөн барих болжээ.
Аль ч засагт аллергитай ханддаг тэдний хувьд засаг унагааж л байвал цаана нь эдийн засаг дагаад нурах эсэх нь хамаагүй. Гэвч, үнэндээ ил зарлаж байгаа нь энэ хэд болохоос Л.Эрдэнэчимэгээс эхлээд З.Энхболдын “тоодгор”-ууд дунд ч, МоАХ-ныхонд ч, Алтангадасынханд ч, Ардын намыханд ч Ч.Сайханбилэгийг унагаах сонирхол багагүй байгаа болов уу.
“Тавантолгойг хөдөлгөнө” гэж Ч.Сайханбилэг сайдын өнгөрөгч есдүгээр сард хэвлэлд өгсөн жижигхэн тодруулганы араас УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн зүгээс ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг үүрэгт ажлаа хийж чадахгүй байна гэх үндэслэлээр огцруулах хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлснийг тохиолдол гэж хэлэхэд эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, С.Баярцогт ч тэр, Ч.Сайханбилэг ч тэр, огцордог юм аа гэхэд шалтаг нь Үндсэн хуулийн цэцийн асуудал, Оюутолгойн гэрээ гэж олон нийтэд харагдаж байгаа болохоос шалтгаан нь Тавантолгой.
Тавантолгойн гэрээний төсөл дээр урьд нь Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхсайхан ажиллаж байсан бөгөөд УИХ-д өргөн барьсан ч парламентын хаалгаар орж чадалгүй буцааж татсан Засгийн газрын төсөл дээр одоогоор ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт ажиллаж байгаа билээ.
Тиймээс эхний удаад С.Баярцогтыг дараагийн удаад Ерөнхий сайдыг чиглэх сум нь одоохондоо О.Баасанхүү болж таарав. Энэ бүхнийг харахад "Эвслийг задална" хэмээн сүүлийн үед сүрхий чангаар дуугарах болсон түүний эзэн нь Н.Энхбаяр биш болсон гэсэн үг.
“Тавантолгойг хөдөлгөнө” гэж Ч.Сайханбилэг сайдын өнгөрөгч есдүгээр сард хэвлэлд өгсөн жижигхэн тодруулганы араас УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн зүгээс ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг үүрэгт ажлаа хийж чадахгүй байна гэх үндэслэлээр огцруулах хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлснийг тохиолдол гэж хэлэхэд эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, С.Баярцогт ч тэр, Ч.Сайханбилэг ч тэр, огцордог юм аа гэхэд шалтаг нь Үндсэн хуулийн цэцийн асуудал, Оюутолгойн гэрээ гэж олон нийтэд харагдаж байгаа болохоос шалтгаан нь Тавантолгой.
Тавантолгойн гэрээг хэрхэн, яаж байгуулах нь Ч.Сайханбилэгийн сандалтай ярих хэмжээний ганц том асуудал болж хувирчээ. Түүнээс бусад нь бол ердөө л нэг жижигхээн шалтаг. Шалтгаан өдөөхийн тулд шалтаг олох амархан шүү дээ.
Одоо гэхдээ АН зогсмоор юм. Бодмоор юм... Хар машиндаа л тэгж их найдаагүй юм бол Ардчилсан нам энэ мэт богино зайны улс төрөө жаахан ч болов мэдэрч хиймээр юм. Учир нь Ч.Сайханбилэгийн танхимыг огцруулснаар дахиад засаг байгуулах хэмжээний хүч, нөөц, итгэл энэ намд эргээд хуримтлагдахгүй болов уу. Өнгөрсөн өвөл, өнгөрөгч зуны үйл явдлыг харсан ч тэр Ч.Сайханбилэгийг засгийг төвхнүүлэх гэж Ардчилсан нам байдаг аргаа барсан шүү дээ. Ахиад шинэ засаг байгуулах хэмжээний итгэлцэл болоод эв нэгдэл энэ намд үнэндээ байхгүй болжээ. Тиймээс олонх биш ч олон суудалтайн хувьд Ардын намынхан ахиад хэн нэгэнтэй засагт хамтрахаас өөр аргагүй болно. Гэхдээ гуйж ороод хаяж гардаг, урьж оруулчихаад хөөж гаргадаг Ардчилсан намынхантай ахиад Ардын намынхан гар барина гэж бодохын ч хэрэггүй. Энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэгч засагтайгаа сонгуульд орж, Н.Энхбаяртай хамт ухсан нүхэндээ унах гээгүй л юм бол Ардчилсан намынхан одоо шүгэл үлээхээ боль.
Дөрвөн жилд дөрвөн засгаараа тоглох л гээгүй юм бол Ч.Сайханбилэгийг С.Эрдэнээр, С.Баярцогтыг А.Гансүхээр солисноор юу өөрчлөгдөнө гэж...