Ж.Сүхбаатар: Намайг тоодоггүй намд байж яах билээ
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар МАН-аас гарч, гишүүний батлахаа эргүүлэн өгсөн нь улстөрийн хүрээнд болсон анхаарал татах үйл явдлын нэг боллоо. Түүний намаасаа татгалзсан энэхүү үйлдлийг олон нийт олон өнгө төрхөөр харж байгаа юм. Ямар ч байсан том шалтгаан байсан учраас л ийм шийдэлд хүрсэн байх гэж үзэгчид цөөнгүй байгаа бол МАН нэг сайн чадварлаг боловсон хүчнээ алдлаа хайран юм гэцгээх нь ч байна.
Харин Ж.Сүхбаатарын хувьд намаасаа татгалзах болсон шалтгаанаа МАН-ын удирдлагууд болон зарим гишүүдтэй холбон тайлбарлаж байна. Тэрээр намаасаа гарсны дараа хэвлэлд тайлбар хэлэхдээ "Намайг тоодоггүй намд байж яах билээ. Мэдээж Т.Бадамжунай гэх мэт хүмүүсээс болж уг шийдвэрийг гаргасан. Миний хэрэг болох газарт очсон нь дээр" гэлээ.
Эндээс харвал тэрбээр намынхандаа их гомдсон бололтой. Магадгүй зарим хүмүүсийн хэлч байгаачилан МАН-ын генсекийн суудалд Ж.Мөнхбатад ялагдсан нь эцсийн дүндээ ийм шийдвэр гаргахад хүргэсэн ч байж болох юм. Хэрвээ энэ таамаг үнэн бол тэрбээр МАХН-д элсч, Н.Энхбаяртай намынх нь Ерөнхий нарийн бичгийн дарга болохоор тохиролцсон гэх олны дунд нисээд байгаа "бор шувуу" ч үнэн байх магадлалтай юм. Ямар ч байсан одоогоор тэрбээр МАХН-ын батлахаа гардаж аваагүй байгаа.
Түүний хувьд 2008 онд Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдож, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байв. 2012 оны УИХ-ын сонгуульд дахин Дархан-Уул аймагт нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн юм. МАН дээрх сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа удирдлагуудаа өөрчилж, энэ үеэр түүнийг МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгох сунгаа Бага хурлын төвшинд болсон ч гишүүдийн олонхи нь дэмжээгүй юм. Ж.Сүхбаатар тухайн үед Бага хурлын дараа “МАН Т.Бадамжунай гэх мэт авлигачдаасаа салаагүй цагт нам цэвэршихгүй” гэх хатуухан үгийг твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэж байв.
Хар багаасаа төрийн албанд зүтгэж, улстөрд танигдсан, бэлтгэгдсэн боловсон хүчний хувьд тэрбээр ямарч намд очсон хэрэгтэй хүн. Харин МАН-ын хувьд шинэ залуу үеийнхэн дундаа зөв хүн гэж харагддаг, улстөрд нэр цэвэр хүнээ алдана гэдэг хохиролтой.
Мэдээж УИХ-ын сонгууль тулж ирсэн цаг үед ийм шийдвэр гаргана гэдэг алсаа харсан том нүүдэл болов уу. Тиймээс түүнийг сонгуульд хэрхэн оролцохыг харах л үлдлээ.