Д.Амарбаясгалан: Нийслэлийн татварыг тэг хувиар тогтоох саналтай байгаа
Хууль хэрэгжснээр нийслэлийн төсөвт жилд 13-14 тэрбум төгрөг төвлөрнө
УИХ-аас Нийслэл хотын албан татварын тухай хуулийг зургадугаар сард баталж, ирэх сарын 1-нээс хэрэгжүүлэхээр болсон. Энэ дагуу Нийслэлийн ИТХ-аас уг хуулийг хэрэгжүүлэх журмыг батлах ёстой. Гэвч нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг завсарлага аваад буй. Энэ талаар тус бүлгийн дарга Д.Амарбаясгалангаас тодрууллаа.
-УИХ-аас уг хуулийг хэрэгжүүлэх журам батлах үүргийг нийслэлийн ИТХ-д өгсөн. Гэвч танай намын бүлэг уг асуудлаар завсарлага авлаа. Завсарлага авах болсон шалтгаан нь юу юм бэ?
-Нийслэл хот албан татвартай байх асуудлыг 1994 оноос л ярьж буй. Гэвч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нийслэл хот албан татвартай байх нь зохимжгүй хэмээн үзэж, тухай бүрт нь хойшлуулсан байдаг. Энэ шийдвэр улс орны эдийн засгийн нөхцөл байдал, иргэдийн худалдан авах чадвартай холбоотой байсан. Харин 2014 онд Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлж, зургадугаар сард баталсан. Хуульд дөрвөн төрлийн аж ахуйн нэгжээр буюу баар, ресторан, зочид буудал болон амралтын газраар үйлчлүүлж байгаа иргэн согтууруулах ундаа, тамхи худалдан авч байгаа тохиолдолд албан татвар төлөхөөр тусгасан байгаа.
Гэхдээ 0-1 хүртэл хувь байхаар хуульчилсан. Энэ дагуу хотын Захирагчийн ажлын албанаас журмын төсөлдөө татварын хэмжээг хамгийн өндөр буюу нэг хувь байхаар тусгасан байсан. Манай намын бүлэг нийслэл хот албан татвартай байхыг дэмжиж байгаа. Гэхдээ эдийн засгийн хямралтай үед энэ татварыг авах нь зөв үү гэдэгт анхаарал хандуулах ёстой. Хэдийгээр УИХ-аас хууль хэрэгжүүлэх үүргийг нийслэлийн ИТХ-д өгсөн ч, нийслэлийн иргэдээс албан татвар авахгүй байх боломж бас байгаа. Өөрөөр хэлбэл, хуульд 0-1 хувийн албан татвар ногдуулж болно гэсэн заалт байгаа учир манай намын бүлгээс татварын хэмжээг тэг хувь байх саналыг дэвшүүлээд байгаа.
-Татварын хэмжээг тэг хувиар тогтооно гэдэг нь татвар авахгүй гэсэн үг биз дээ?
-Тийм ээ. Өнөөдрийн байдлаар улсын төсвийн орлого 700 орчим тэрбум, нийслэлийн төсвийн орлого 80 гаруй тэрбум төгрөгөөр тасраад байна. Иргэдийн худалдан авах чадвар муудсан ийм цаг үед нэмж татвар авах нь зөв биш. Энэ асуудлыг хэлэлцэхээр нийслэлийн ИТХ хуралдахад хотын захирагч ирсэнгүй. Гэтэл бусад албаны хүмүүс “Мэдэхгүй байна” гэх хариулт өгч байгаа учир манай намын бүлэг завсарлага авсан. Нийслэлийн Засаг даргатай хэлэлцэж, шийдвэрээ гаргая гэсэн байр суурьтай байгаа. Нөгөөтэйгүүр, нийслэлийн төсвийн орлого 80 тэрбум төгрөгөөр тасарсан байгааг нөхөх гэж иргэдээсээ татвар авах нь буруу юм.
Уг нь 2015 оны төсвийн тухай хуульд нийслэл болон дүүргийн Засаг даргыг нэг орлогчтой, орон тооны зөвлөхгүй байхаар тусгасан. Гэвч хуулийн хэрэгжилтийг хангаагүйн улмаас 11 байх ёстой орон тоо 33 байна. Үүнээс үүдэн 120 гаруй сая төгрөгийн хохирол учраад байна. Иймд иргэдээсээ татвар авч төсвийн алдагдлаа нөхөхийн оронд төрийн данхайсан бүтцээ танья гэсэн саналыг бас дэвшүүлсэн. Уг хуулийг хэрэгжүүлснээр жилд нийслэлийн төсөвт 13-14 тэрбум төгрөг төвлөрнө хэмээн тооцоолж байгаа. Нийслэлийн удирдлагууд иргэдийн худалдан авах чадвар ямар байгааг мэдэж буй гэдэгт итгэж байна.