МАХН улс төрийн нөхцөл байдлыг хэлэлцлээ
МАХН-ын анхан шатны байгууллагуудын Улаанбаатар бүсийн зөвлөгөөн дөрөв дэх өдрөө үргэлжилж, Сүхбаатар дүүргийн сонгуультан, идэвхтэн гишүүдийн төлөөлөл оролцлоо. Зөвлөгөөнөөр намын анхан шатны байгууллагуудын гишүүдийн санал бодлыг сонсохоос гадна УИХ-ын гишүүд, эрдэмтэн доктор зэрэг салбар бүрийн төлөөлөл цаг үеийн асуудалтай уялдуулан олон сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн нь илүү ач холбогдолтой, өргөн хүрээтэй, далайцтай болж байгааг оролцогчид хэлж байлаа.
Төлөөлөгчдөд “Улаанбаатарчуудад тулгамдаж байгаа асуудлууд”, “Социал демократ үзэл ба Монгол Улс”, МАХН-ын дүрэм ба НАШБ, “Эвтэй гудамжныхан төсөл”, “Улс төрийн сонгуулийг амжилттай явуулах арга замууд” зэрэг олон илтгэл хэлэлцүүлсний дотор УИХ-ын гишүүн Ч.Улааны “Улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, чиг хандлага” сэдвээр тавьсан илтгэл зөвлөгөөнд оролцогчдын анхаарлыг ихээхэн татсан юм. Тэрээр илтгэлдээ нийгмийн баялгийг хэрхэн шударга хуваарилах, ажлын байрыг нэмэгдүүлэх арга, гадаад дотоод эдийн засгийн нөхцөл байдал, гадаадын хөрөнгө оруулалтын үр дагавар, нөлөөлөл зэргээр улс төр нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлыг баримттайгаар танилцууллаа. Мөн өнөөгийн улс төр, эдийн засгийн хүндрэлтэй нөхцлөөс гарахын тулд хөгжлийн эдийн засгийн шинжлэх ухааныг судлах, улс орон зөв бодлого явуулснаар хөгжих боломж гарцыг илтгэлдээ дурдсан юм.
Зөвлөгөөний үеэр Төр, нийгмийн нэр зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 99 жилийн ойн өдрийг тохиолдуулан түүхийн ухааны доктор Н.Цэрэн “Маршал Ю.Цэдэнбалыг огцруулсан хуйвалдааныг хэн, хэзээ илчлэв” сэдэвтэй илтгэл тавив. Тус илтгэлийг түүхийн нууц баримтад тулгуурлан бичсэн гадаад, дотоодын ном зохиолуудыг судалсны үндсэн дээр иш татан бичжээ. Тухайлбал, Ю.Цэдэнбалыг огцруулах хуйвалдаанд Монгол, Москвагийн оролцоог нарийн гаргаж хэлсний дээр огцруулах болсон шалтаг, шалтааныг олж хэлжээ.
МАХН-ын анхан шатны байгууллагуудын Улаанбаатар бүсийн зөвлөгөөний үеэр “Сүхбаатар дүүргийн МАХН-ын байгууллагаас 2016 оны сонгуулийн бэлтгэл хангах чиглэлээр хийж байгаа ажлынхаа талаар тус дүүргийн МАХН-ын хорооны дарга Д.Батзориг танилцуулсан юм.
НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч гишүүн Л.Шагдаррагчаа “”Шударга ёс” эвслийн бүлэг Нийслэлийн ИТХ-д дуу хоолойгоо чадлынхаа хэмжээгээр хүргэн ажиллаж байна. Манай бүлэг Нийслэлийн хот байгуулалт дэд бүтцийн хороог хариуцаж нэг гишүүн нь даргалж ажилладаг. 2012 оноос өнөөдрийг хүртэл Нийслэлийн Иргэдийн хуралд ажиллах арга барилаа сонгоод, тусгаад ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд гарах бодлого шийдвэрийн боловсруулалт дээр ажиллаж байна. НИТХ-ын дэг боловсруулах ажилд таван үндсэн зарчмын асуудлыг тусгуулсан, Нийслэлийн нутаг дэвсгэр, барилга байгууламжийн ажил хэрэгжүүлэх үйл ажиллагааны журмыг боловруулж өргөн барьсан. Ингэснээр журмын үндсэн үзэл санааны 80 гаруй хувь нь тусгагдсан. Үүнээс гадна Хуримын ордон, Усан бассейныг хувьчлах асуудалд эсрэг байр сууриас хандаж үүнийг хойшлуулж чадсан зэргээр намынхаа бодлого шийдвэрийг нийслэлийн нийгэм эдийн засгийн зорилтод тусгуулах ажлуудыг хийж байна” гэв.
Сүхбаатар дүүргийн МАХН-ын хорооны дарга Д.Батзориг:
-Бид өнөөдөр юу хийж бүтээснээ ярих бус одоо юу хийх вэ, цаашид тавьсан зорилгодоо яаж хүрэх вэ гэдгээ ярих хэрэгтэй байна. МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй намын бүх шатны удирдлагууд, намын нийт гишүүн, олон мянган дэмжигчийн итгэл, хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн үр дүнд МАХН хэмээх эрхэм нэр алдар, агуу түүхт намаа авч үлдэж чадсан юм. МАХН-ын гишүүн гэдэг эрхэм нэр бидэнд тийм ч хямдхан олдоогүй. Олон мянган гишүүн, дэмжигчийн итгэл үнэмшлээр авч үлдсэн. Сүхбаатарчууд бид 2016 онд “сонгуулийн хувьсгал” хийцгээе гэсэн уриалга гаргаж байна. Тиймээс өнгөрснөө биш ирээдүйгээ харж ажиллах шаардлага урган гарч байна. Бид өнгөрсөн гуравдугаар сарын 15-наас “Намын ажлыг эрчимжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн төслийг бүрэн хэрэгжүүлэхээр Намын ажлыг эрчимжүүлэх ажлын хэсэг гаргаж намын гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Р.Ганжуур, Д.Энхболд нар удирдан ажиллаж байна. Ажлын хэсгийнхэн 45 хоногийн мөчлөгтэйгээр төлөвлөгөө гаргадаг. Бидэнд одоо ухрах биш урагшлах зам л үлдсэн гэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар “Хүний эрх, эрх чөлөө, улс төрийн хэлмэгдүүлэлт” сэдвээр илтгэл тавив. Мөн МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр зөвлөгөөнд оролцогчдод хандаж үг хэллээ.