ХҮН намынхан Увс аймагт ажиллаж, салбар хороогоо байгууллаа
ХҮН намынхан хөдөө орон нутгийн дэмжигчид, иргэдийн хүсэлтийн дагуу орон нутагт үйл ажиллагаагаа идэвхжүүлэн, шинээр салбар хороогоо байгуулахаар ажиллаж байгаа билээ. Тус намын Хүн Дээд үзэл баримтлал болон Монгол улсаа хөгжүүлэх Монгол Зорилго хөтөлбөрийг Увс аймгийн иргэд, дэмжигчид талархан хүлээн авч, санал сэтгэгдэлээ хуваалцлаа. Уулзалтын дүнд Хөдөлмөрийн Үндэсний Намын Увс аймаг дахь намын хороог байгуулж тэргүүлэгч гишүүд, намын хорооны даргаа сонгосон байна. Аймгийн намын хорооны анхдугаар хуралд нутгийн иргэд, хөдөлмөрчид идэвхтэй оролцож аймгийн тулгамдсан асуудал болон хөгжлийн хэтийн төлвийн талаар бодлого боловсруулан ажиллахаар боллоо.
ХҮН намын дарга С.Боргил намын хурал дээр хэлсэн үгэндээ:
“ХҮН намын гишүүд бид орон нутгийн иргэдийн тулгамдсан асуудал, эрэлт хэрэгцээ, санал хүсэлтийг сонсон явж байна. Бид өнөөдөр аймгийн худалдааны төвүүд болон зарим жижиг үйлдвэрүүдээр орж ажил байдалтай нь танилцлаа. Орон нутгийн эрх баригчдын зүгээс бизнес эрхлэгчдийг дэмжсэн тодорхой бодлого байхгүй, хоосон амлалт, зөрүүтэй үйлдэлүүд маш их байгаа талаар бизнес эрхлэгчид, иргэд ам нэгтэй байна. Жишээлэхэд, Увс аймгийн брэнд болсон чацарганы борлуулалт дээр орон нутгийн эрх баригчид зах зээлийг нь тэлэх, бусад улсуудтай холбох талаар өнөөг хүртэл хийсэн ажил байхгүй байна. ХҮН намын хувьд төр нь бизнес, иргэдээ дэмжих үйл ажиллагаагаа татвар, хяналтын арга хэрэгсэлээр дарамтлах бус харин бизнесийн гадаад зах зээлийг нь тэлэх, худалдан авагч шинээр бий болгох, улс хоорондын хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрээр таатай нөхцөл бүрдүүлэх зэргээр төр зуучлагчийн үүрэг гүйцэтгэх ёстой гэж үздэг” гэв.
Хөдөлмөрийн Үндэсний Намын үйл ажиллагаа хөдөө орон нутагт иргэдийн зүгээс маш их дэмжлэг, талархал хүлээж байгаа нь намын хороог байгуулах хурлуудын ирцээс тодорхой харагдаж байна. Сонирхож ирсэн олон иргэд намын үзэл баримтлал, ёс зүйн дүрэм болон хөтөлбөртэй таницлаад олноороо ХҮН намд элссээр байна.