Гологдмол Н.Батцэрэг “шилэгдмэл” болжээ
Шинэчлэлийн Засгийн газрыг залган гарч ирсэн Шийдлийн Засгийн газарт багтаж чадаагүй хүн ахиад сайд болохоор гараад ирсэн Н.Батцэрэг юм. Түүнд ИЗНН-д голдуухан өгдөг БОНХАЖЯ-г хувиарлаж. Ч.Сайханбилэг танхимаа бүрдүүлэх үед Ерөнхийлөгч Н.Батцэрэгийг голон буцааж байсныг хүмүүс мартаагүй байх. Харин өдгөө засгаа ч байгуулж чадахгүйд хүрээд байгаа АН голж шилэхтэйгээ манатай байна. Харин ч гологдсон хүмүүс нь “шилэгдмэл” боловсон хүчин болоод буцаад иржээ. Н.Батцэрэгийн тухайд Хамтарсан Засгийн газрын үед буюу 2007-2009 онд Сангийн дэд сайдын алба залгуулж байсан “туршлагатай”. Н.Энхбаярынхан түүнд МАХН-д элсэх болзол тулгаж, Шадар сайдын алба санал болгосон ч МҮАН-д ногдсон сайдын суудалдаа эзэн болж үлдсэн. Боловсролын тухайд ЗХУ-ын Свердловск (хуучнаар) хотын Уралын политехникийн дээд сургуулийг металлург инженер мэргэжлээр төгссөн ч гол төлөв улс төрийн ажил залгуулсаар иржээ. Тэрээр байгаль орчны салбарт гавьтай зүйл хийж чадах эсэх нь эргэлзээтэй. Тэгээд ч өвөл “байгаль хамгаалал” таг зогсож утаа гол сэдэв болдог. Н.Батцэрэг МАН-ын Д.Оюунхоролын халсан хүмүүсийг эргүүлж авалгүй явуулж магадгүй байх талтай. Харин Ардын намын нөхдийг хуу халах байх гэсэн яриа гарсан.