АН фракциас татгалзсан уу?
Эрх баригч хүчин зөвхөн АН гэдэг нэг л фракцид нэгдэхээ зарласан ч энэ бодит болох болоогүй байна. Сайдын суудлаас болж МоАХ, “Алтан гадас”, “Шонхор”, МҮДН-ээрээ ялгаран “нүдэлцэж” байна.
Дэд сайдын суудал дээр хүртэл талцаж тооцоо бодож буй гэх. Ингэтлээ доошоо орох юм чинээ хэн санах билээ.
Өнгөрсөн долоо хоногт АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, дэд сайд нарын асуудлыг хэлэлцсэн байдаг. Ерөнхий сайд нь намын даргын ажлыг давхар хашдаггүйн зовлон тэр бололтой, АН-ын даргын оруулж ирсэн нэрсийн жагсаалтаар санал хураалгажээ. Гэтэл “Шонхор” фракцийн Д.Цэрэнчунт, Н.Мөнхдаш, Ч.Батцогт нар дэд сайдад нэр дэвшихээр болж хамгийн олон санал авсан байна. Харахад Дорнод, Дархан-Уул, Хөвсгөл аймгийг төлөөлж байгаа ч угшлыг нь хөөхөөр нэг фракци болчихдог.
“Шонхор” бол УИХ-ын дарга З.Энхболдын намын дарга болохоосоо өмнө удирдаж байсан фракц. Мөн АН-ыг цөөнх байх үед байгуулагдсан фракц гэж тодорхойлж болно. Бүрэлдэхүүнд нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Г.Баярсайхан, С.Одонтуяа, Д.Батцогт нар багтдаг. Харин одоо орон нутаг дахь “хөл”-өө өөд татахаар шийдсэн бололтой, гурван хүнээ дэд сайдад сойсон нь “Алтан гадас” фракцийнханд таалагдсангүй.
Экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийг албан тушаалаасаа бууснаас хойш “Алтан гадас” нам дотроо чиг заахаа больсон. Гэхдээ л Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааныг зарласан нөхцөлд нам дотроо нэлээд хөдөлгөөн оруулж чадах хүч бол бий аж. Учир нь, ҮЗХ-ны 228 гишүүний дийлэнх олонх “Алтан гадас” фракциас бүрддэг. Тиймдээ ч Зи дарга ҮЗХ-ны хурал зарлахаас эмээдэг гэх яриа дагаж буй юм.
Харин дэд сайдад нэр дэвшигчид тодорсны дараа АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөн мэдэгдэл гаргасан нь “хуучин бууны” хугархайнуудын хийж буй улс төр бололтой.
Мэдэгдэлд “АН-ын Гүйцэтгэх зөвлөл нэр бүхий хүмүүсийг дэд сайдаар томилуулах шийдвэр гаргасан нь намыг хүний нөөцийн чадамжгүй мэт харагдуулж, зөвхөн фракцийн эрх ашгийн тохироо, шантаажаар томилгоо хийдэг нам гэдэг ойлголтыг олон нийтэд төрүүлэх боллоо. Нөгөөтэйгүүр намын даргын зүгээс дэд сайдад санал болгосон хүмүүс нь орон нутаг болон УИХ-ын сонгуульд намаа удаа дараа ялагдуулсан, хагалж хуваасан, улс төрийн чухал хариуцлагатай албан тушаалд томилогдох бус харин ч хариуцлага хүлээлгэвэл зохих хүмүүс ” гэсэн байгаа юм.
Үнэндээ ч Дорнод, Дархан-Уул, Хөвсгөл аймгаас АН-ыг төлөөлөн УИХ-д сууж буй түшээ нэг ч байхгүй. Энэ утгаараа мэдэгдэл нь зүй ёсны боловч цаад агуулга нь “Алтан гадас” фракцынхны дэд сайдын суудал горилсон “шантааж” гэх нэгэн байна.
Шинэчлэлийн Засгийн газрын үед тус фракцийн төлөөлөл болсон дэд сайд нар байсан ч МАН хамтарч Засаг барих үеэр чөлөөлөгджээ. Гэтэл МоАХ, МҮДН фракциудын дэд сайд нар хуучнаараа үлдэж чадсан. Жишээ татвал, Барилга хот байгуулалтын дэд сайд О.Байгаль МоАХ-ных аж. “Женко”-гийн зүгээс даалгавар сайн өгөгдөж байсан уу, МАН Засгийн газарт хамтарч, Д.Цогтбаатар сайдаар томилогдсон ч тус яаманд нэг ч халаа сэлгээ хийлгүй явсаар албанаасаа буужээ. Уг нь намаас нь түүнд өөрийн намын хүмүүсээ ажилд авах даалгавар өгөгдөж байсан ч салбарын бодлоготой холбоотой ажлыг нухсаар чөлөөлөгджээ.
Сангийн дэд сайд Ж.Пүрэв МҮДН фракцийн төлөөлөл аж. Бас л аль ч Засагт нүүртэй явсаар өнөөдрийг хүргэсэн. Үүндээ дээрх фракциуд ханачихсан уу, энэ удаагийн дэд сайдын нэр дэвшүүлэлтэд “Шонхор”-т илүү боломж олгож, “Алтан гадас”-ыг хоосон хоцроосон байгаа юм.
Гэтэл хэдэн сарын өмнө АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд “Өнөөдрийн болж байгаа үйл явдал АН-ыг фракцигүй байхаас өөр аргагүй нөхцөлд хүргэсэн. Манай нам олон фракциасаа салж, Ардчилсан нам гэдэг нэг фракциар үйл ажиллагаа явуулах цаг болсон. Ардчилсан нам төвдөө фракц гэж хуваагдаад сүүлдээ орон нутагт халдварлаж байна. Тийм учраас би АН-д ийм хуваагдал байх ёсгүй гэж үзэн фракциудынхаа дарга нарт энэ тухай хэлсэн” гэж ярьж байсан ч өнөөх л бахь хэвээрээ... Харин ч бүр дордов уу гэлтэй, улс төр өрнөж байна.
Ерөнхий сайд намын бүлгээс санал болгосон сайд нараа голж, АН-ын Шинэчлэлийн хорооныхон Гүйцэтгэх зөвлөлөөс дэвшүүлсэн дэд сайд нарыг голлоо.
Засгийн газрын өнгөрсөн даваа гаригийн хуралдаанаас дэд сайд нарыг томилж магадгүй гэх “шуум” дэгдсэн ч энэ асуудал орж ирээгүй. Магадгүй энэ нь “Алтан гадас” талаас Ерөнхий сайдад өгсөн даалгавар ч юм билүү, хэн мэдлээ. Уруул дордойвч элэг дордойхгүй гэж үг бий. Шинэчлэлийн Засгийн газар унасан үеэс экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарын харилцаа муудаж, фракц дотроо багталцахаа больсон тухай “бор шувуу” хэдэнтээ ниссэн ч туулсан зовлон нь нэгтгэсэн байхыг үгүйсгэхгүй.
Ер нь тэгээд АН фракц гэдэг хуваагдлаасаа салаагүй цагт зовлон нь нэмэгдэнэ үү гэхээс хорогдох ч үгүй юм байна.