Музейн барилга МАН-д үлдэх үү?
Уг нь Лениний музейн барилгыг төрд эргүүлэн авах шийдвэрийг шүүх аль эрт гаргасан. Хоёр, гурван ч жил болж байна. Гэтэл энэ шийдвэрийн дагуу эргүүлэн авах гэтэл гацаа үүссэн.
“Алтжин” компанийн захирал Г.Алтан “МАН надаас нэг сая ам.доллар зээлсэн. Өрөө өгөөгүй байгаа. Наад байшинг чинь надад барьцаалсан” гээд гэнэт гараад ирж байв.
“Нийслэлийн МАН-ын эзэмшиж байсан Лениний музейн барилгыг төрд буцааж авахаар боллоо”, “Ц.Оюунгэрэлийн Соёлын яам нэхэмжлэгчээр оролцож байна” гэж хэвлэлээр нэг дуулиан шуугиан болоод лав жил гаруй болж байж дээрх шийдвэр гарч байлаа. Ийм их “чимээ”ний үед чив чимээгүй байсан Г.Алтан дээрх шийдвэрийн дараа МАН-ын “хохирогч” болоод гарч ирсэн нь санамсаргүй явдал биш ажээ. Өөрөөр хэлбэл, Лениний музейн барилгыг тийм ч амархан тавиад туучихгүй гэсэн МАН-ын арга хэмээн эх сурвалж хэлж байгаа юм. Учир нь Г.Алтан бол хэзээнээсээ МАН-ын л хүн. Дээрээс нь МАН-ын нөлөө бүхий улстөрчтэй холбоотой гэх барим тавим баримтууд өмнө нь хэвлэлүүдээр олон удаа гарч байсан.
Хамгийн сүүлд, хэдэн сарын өмнө Г.Алтан Лениний музейн барилгыг барьцаанаас суллаж, оронд нь Тусгаар тогтнолын ордныг өг гэсэн хүсэлтийг шүүхэд гаргаад байлаа. Энэ хүсэлтийг шүүх саяхан хэлэлцээд хүлээж аваагүй байна. Ингэснээр Лениний музейн барилга Г.Алтангийн барьцаанд үлдлээ гэсэн үг. Нөгөө талаар, төр энэ байшинг хэзээ авах нь тодорхойгүй үлдэж байгаа юм. Энэ шүүх хуралд МАН-аас хүн оролцоогүй байна. Ер нь тус намын хувьд хэд хэдэн удаагийн шүүх хурлыг хүсэлт тавин хойшлуулсан байдаг. Зарим хуралд нь огт оролцдоггүй байна. Энэ нь ийм маягаар аргацаасаар барилгыг авч үлдэх нь гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин