Дэд сайдуудын суудлыг ч тэнцүү хуваахаар тохирчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар МАН-ын дэд сайдыг нарыг чөлөөлсөн.
Тодруулбал Аж үйлдвэрийн дэд сайд Х.Баделхан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Я.Төмөрбаатар, Гадаад харилцааны дэд сайд Н.Оюундарь, Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа, Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Мөнхбаатар, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.
Үүнтэй холбогдуулан Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Засгийн газрын бүтцийн асуудлаар ярилцжээ. Тэд зөвшилцөлд хүрэх гэж оролдсон ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй гэх мэдээлэл байна. Гэхдээ дэд сайдуудыг ойрын хугацаанд томильё гэж тохирсон нь уг хурлын ганц үр дүн байсан гэнэ.
МАН-ын огцорсон зургаан сайдыг “Шударга ёс” эвсэл болон АН гурав, гурваар нь хувааж авахаар болсон гэх мэдээлэл байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАХН-ын Н.Энхбаяр Засгийн газрын сайд нар болон дэд сайд нарын суудлыг 50:50 хувиар хувааж авна гэж тас гүрийж байгаа аж. Тиймээс ч Засгийн газарт Шадар сайд, Байгаль, орчин ногоон хөгжлийн сайд, Барилга хот байгуулалтын сайдын суудлыг авахаар АН-тай тохироод байгаа юм.
Тэрбээр дэд сайдын суудлыг ч мөн тэнцүү хуваана гэсэн байна. Тиймээс ч дээрх тохироог хийжээ.
Өчигдөр УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг мэдээлэл хийж "Манайх сайдад нэр дэвшигчдийнхээ нэрсийг дотроо тохирсон байгаа. Одоо Ерөнхий сайдыг хүлээж байна. Ерөнхий сайд сайдад нэр дэвшигчдийнхээ нэрийг өргөн барихад бэлэн болсон цагт манай бүлгээс нэрээ өгнө" гэж мэдэгдсэн билээ.
Тэгэхээр тус бүлэг сайд болон дэд сайд нарынхаа нэрсийг аль хэдийн тодруулсан байна.
Сонирхуулахад, Тус бүлэг Шадар сайдад Н.Батцэрэгийг, Барилга хот байгуулалтын сайдад Ц.Оюунбаатарыг, Байгаль, орчин ногоон хөгжлийн сайдад З.Баянсэлэнгийг тус, тус нэр дэвшүүлжээ.
Гэхдээ тус бүлэг дотор бас нэг асуудал байгаа. Тодруулбал, МАХН-ын дарга Н.Энхбаяр Н.Батцэрэгийг "МҮАН-аас МАХН-д элс. Үгүй бол Шадар сайд болгохгүй" гэж шахаж байгаа сурагтай.
Хэрвээ Н.Батцэрэг Н.Энхбаярын саналыг хүлээж авч МАХН-д элсэхгүй бол түүнийг Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшүүлэх юм. Хамгийн сонирхолтой нь энэ тохиолдол бол З.Баянсэлэнгэ Шадар сайдад нэр дэвших нь баттай байгаа юм.