МАХН-ыг жийж, МҮАН-ыг ИЗНН-тай татах тохироо хийгдэх үү?
АН-ын зургаан сайдын орны хүмүүсийг томилох үйл ажиллагаа ирэх намрын чуулган буюу 10 дугаар сар хүртэл гацах нь тодорхой болсон. Ид ажлын үеэр сайд нараа томилж чадахгүй болсон нь Ерөнхий сайд улс төрийн зарим намуудтай ойлголцож чадаагүйтэй холбоотой гэж өчигдөр Засгийн газраас мэдэгдсэн.
Бүр тодруулбал, сайд нарыг нэр дэвшүүлэх асуудлаар АН дотооддоо учраа ойлголцож чадахгүй байгаа аж. Тус намынхан Ерөнхий сайдад бүх эрх мэдлийг нь өгч сайдад нэр дэвшигчдээ тодруулаад оруулаад ир гэж байгаа боловч оруулж ирсэн хүмүүсийг нь УИХ-ын даргаас эхлээд дэмжихгүй хэмээн гэдийж суугаа сурагтай. Түүнээс гадна АН дотор сайд бологсод их байгаа учраас “Би ч сайд болно. Түүнийг ч сайд болгохгүй” гэсэн явган хэрүүл их байгаа аж.
Энэ мэт АН-ын дотоодын зөрчил, увайгүй улс төрөөс нь болж улс орны ажил бүтэн хоёр сар гаруйн хугацаанд гацах нь. Энэ хугацаанд Сангийн яамнаас эхлээд чиг үүргийг чухал салбарууд удирдлагагүй байж ажил нь унахаар байна. Ядаж л эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед Сангийн яамаа эзэнгүй хаяж болохгүй санагдана. Барилга хот байгуулалтын яам л гэхэд сайдгүй байснаар нөгөө байрны ипотекийн зээл зогсож мэдэхээр байгаа юм.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг З.Энхболд, Х.Баттулга гэх хоёр хүнтэй учраа ойлголцож чадахгүй байгаа. Дээрээс МАХН-ын дарга Н.Энхбаяр дарамталж байгаад гурван сайдын суудлыг нь авахаар тохирсон. Уг нь АН-ынхан “Шударга ёс” эвсэлд хоёр сайдын суудал өгнө гэж байсан ч Н.Энхбаярын шахаанаас болж тэгэж чадаагүй. Тиймээс үлдсэн гурван сайдын суудлаа булаацалдаж нам дотроо зодолдож буй юм. Энэ мэт асуудлаас болж Ерөнхий сайд Засгийн газрын зарим сайд нарыг томилох асуудлаар дахин өөр үйлдлийг хийж мэдэхээр байна. Тодруулбал, тэрбээр МАХН-ыг жийж МҮАН-ыг ИЗЗН-тай урин Засгийн газарт оруулах сураг байгаа юм. Аравдугаар сар хүртэл хангалттай цаг байгаа учраас тэрбээр өөртөө ашигтай ямар л хувилбар байна түүнийг бодож олох биз ээ.
З.Энхболдтой хүзүү, сээрээрээ холбогдоод буй Н.Энхбаяр гэдэг хүнээс салах түүний нэг арга ч энэ байж мэдэх юм. Нөгөөтэйгүүр МАХН Засгийн газарт хэтэрхий том байр суурьтай болох гэж байна. Нэр муутай намыг Засгийн газарт урьж оруулах нь АН-ынханд өөрсдөд нь ирээдүйд халтай учраас МҮАН-ыг ИЗЗН-тай хамт Засгийн газарт урих гэж байж магадгүй байгаа аж.
Энэ мэт фракц хоорондын зөрчилдөөн, эрх мэдлийн төлөөх зодооноос болж АН “Засаглаж чаддаггүй” гэх нэрээ дахин зүүж явна.