Муухай АН
Гүйцэтгэх засаглалын тэргүүнд танхимаа бүрдүүлэх эрх нь Үндсэн хуулиар олгогдсон ч фракциудынх нь үл ойлголцол боломж олгохгүй нь. Нэг л таалагдахгүй үйлдэл хийхэд танхим бүхэлдээ нурах эрсдэлтэй байна. Учир нь, “Ээлжит бус чуулган зарлалаа ч сайд нарын нэрийг өргөн мэдүүлэх боломжгүй байна” гэх Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан хийсэн мэдэгдэл бол АН дотооддоо “зодоон”-той бас арчаагаа алдаж гүйцсэний нотолгоо юм.
Хоёр сарын өмнө намын бүлэгтээ МАН-ыг Засгийн газраас хөөх шийдвэрийг хүргүүлж, бярдаж суусан Гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдаад ч асуудлыг шийдэх гарц олж чадсангүй. Цаашдаа байдал ийм янзаар сунжирвал сөрөг хүчний байр сууринд очсон МАН-д л хожоотой тусахаас АН-д өнчин ишигний ч хожоогүй. Албан тушаалын “наймаанаас” болж биенээ ангуучилсан, фракцид л таалагдаж томилгоо хийж байвал хэнбугайг ч сайдаар томилсон хамаагүй гэсэн “Гуравдугаар ээлжийнхэн хоолондоо” гэдэг эмгэнэлт жүжиг л тоглогдоно. Ийм зүйлийг ард түмэн хүссэн гэж үү, үгүй. Өнөөдрийнхөөс илүү сайхан нийгмийг бүтээгээд өгөөч л гэж сонголтоо хийсэн. Гэтэл одоо нөхцөл байдал юу болж эргэв. Долларын ханш 2000 төгрөгтэй тэнцсэн, гадаадын шууд хөрөнгө оруулалт хасах заасан, нүүрсний экспорт зогсонги байдалд орсон, төсвийн алдагдал нь сар бүр 100 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн, их, дээд сургуулийнх нь сургалтын төлбөр гэрлийн хурдаар өссөн, төр нь хувийн хэвшлийнхнээр хийлгэсэн ажлынхаа хөлсийг өгч чадахгүй луу унжих хүртлээ доройтож гундсан байна. Цаашдаа засаглалын хямрал үргэлжилбэл хоолгүй хонох ард иргэдийн тоо л олон болно. Сонгуулийн мөчлөг дөхөж байгаа үед энэ нь сайн үйлдэл дагуулахгүй.
Алдаа бүр дээр тоглолт хийж дадлагажсан МАН-д л ашигтай тусна. Өөрөөр хэлбэл, АН Засгийн газраа бүрдүүлж чадахгүй хэр их цаг алдана, тэр хэрээр сөрөг хүчин ард түмний итгэлийг олох тоглолт хийнэ. Хийгээд ч эхэлсэн. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн “Зургаахан сайдын нэр оруулж ирэх чадваргүй Ерөнхий сайд ажлаа өгсөн нь дээр” гэх байр суурь бол МАН-ынхны Засгийн газрыг унагах далд санаа. Хуулиараа Ерөнхий сайд огцрох хүсэлт гаргасан нөхцөлд танхим бүхэлдээ унадаг. Тэртэй тэргүй Засгийн газраас хөөгдөж гарсан намд одоо алдах юм үгүй болсон. Аль ч талаараа ашигтай л тусна. Яагаад гэвэл АН Засгийн газраа бүрдүүлэхгүй цаг алдах, мөн нам дотроо Засгийн газраа унагах тоглолт хийх нь ард түмэнд “АН Засаглаж чаддаггүй” гэх сөрөг PR болж очино.
Засгийн эрх барьсан өнгөрсөн гурван жилийн хугацаанд эрх баригч хүчин ажил хийгээгүй гэж хэлэхгүй. Хийсэн, бүтээсэн зүйл олон бий. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн “МАН-ынхны 20 жилийн хугацаанд бариагүй авто замыг хоёр жилийн хугацаанд барьсан” гэх бахархал бол хийрхэл биш, чадсан. Ард түмнийг өрөнд унагасан гэх Чингис бондоор ч өнгөрсөн хугацаанд олон үйлдвэрүүд баригдсан. Өнөөдөр үр ашиг нь харагдахгүй ч ирээдүйд тодрох л бүтээн байгуулалт болсон. Харамсалтай нь, энэ бүхнээ албан тушаалын наймаанаас болж харлуулчихнаас биш. Муу дээр муу, муухай дээр улцан гэдэг шиг ээлжит бус чуулганаар баталсан Өрөшөөлийн хууль АН-ыг, УИХ-тай хамт шившиг болгож байна.
Уг нь АН 2012 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо авлигачдын нурууг бөхийлгөж, ард түмний нурууг тэнийлгэнэ гэх амлалт өгсөн. Гэтэл ардчилсан парламентын 25 жилийн ойд зориулж баталсан Өршөөлийн хуулиар авлигачдыг өршөөх болж байгаа. Алдаагаа даруйхан засах нь уу гэтэл Ерөнхийлөгчийн хоригийг сайд нарын нэрсээр барьцаалаад ирэх аравдугаар сар хүртэл хэлэлцэхгүй болж хойшлогдож байна. Алдаа гаргаж болно, гол нь гаргасан алдаагаа засдаг чадвартай л байх ёстой. Тэгж байж олны итгэлийг хүлээхээс биш цаг хожих байдлаар асуудалд хандах нь гарц биш.
Ер нь ард түмний өмнөөс асуухад сайд нарынхаа нэрийг өргөн мэдүүлж чаддаггүй Ерөнхий сайд, Засгийн газраа бүрдүүлж чаддаггүй эрх баригч хүчин байхын хэрэг байна уу?.