Залуучуудаар туг тахисаар байх уу?
-Бүтээж туурвих эрмүүн хүсэлтэй, эрдэм чадалтай залуусыг цэл ногооноороо байхад нь олзолж, намдаа элсүүлж, төрийн албанд зүтгүүлчихээд эцэст нь бохир улс төрийн золиос болгон хаяж байгаа нь шударга хэрэг мөн үү-
"Монголын төр зүтгэсэн хүндээ халтай" гэх хатуу боловч үнэн үгийг Монгол Улсын Ерөнхий сайд агсан А.Амар цаазлуулахынхаа өмнө хэлсэн гэдэг. Энэ үг өдгөө ч хүчинтэй хэвээр байх шиг. Халтай, балагтайг нь мэдсээр хэр нь төр рүү, төрийн алба руу хошуурсаар байх нь хачирхмаар. Богд хаант засаглалын үеэс өнөө хэр нь уламжлагдсаар ирсэн төрийн төмөр нударга сүүлийн жилүүдэд залуу хүмүүс дээр, хийж бүтээх хүсэл эрмэлзлэл бүхий хэсэг бүлэгт буух болсон нь туйлын харамсалтай.
Хүн бүрийн мэдэж байгаачлан монгол төрийн хамгийн сүүлийн буулга ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг нэрвээд байна. Цагтаа Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн гэдгээрээ төдийгүй ЗГХЭГ-т чамгүй олон ажлыг шинээр санаачилсан гэдгээрээ мандаж явсан Дэнзэн хүү өнөөдөр “Эр хүн туг ч барьдаг, тугал ч хариулдаг” жишгээр Цагдан хорих 461 дүгээр ангид 90 хоног хоригдоод дөнгөж өчигдөр батлан даалтад гарав. Түүнийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа 17 тэрбумын тендерт өөрийн хамтран амьдрагч Г.Уянгын компанийг шалгаруулсан гэх хэрэгт буруутган шалгаж байгаа билээ. Гэвч энэ удаад түүний хийсэн гэм, хүлээх ял зэмийн талаар бус төрийн буулганд өртөж буй залуусын нэг гэдгээр нь дурдахыг хүслээ. Г.Дэнзэн 461 дүгээр ангид гурван сарыг үдэхдээ хоёрхон удаа байцаагдсан бөгөөд энэхүү ажиллагааг хууль бус гэж үзэн өлсгөлөн зарласны улмаас биеийн байдал нь хутганы ирэн дээр байгааг түүний өмгөөлөгч олонтаа мэдэгджээ. Уржигдар л гэхэд УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл түүнтэй уулзаад ирсэн байна. Ц.Оюунгэрэл гишүүн хорих ангиас ирээд "Дэнзэнтэй уулзлаа. Бие нь хvнд байна. Босох, дуугарах чадалгүй болж. Оргон зайлж болзошгүй гэсэн ганцхан үндэслэлээр хоригдож байгаа юм байна. Бие нь их дордсон тул гэрээслэл бичсэн байна” хэмээн хэвлэлийнхэнд хэлжээ. Хууль бус үйлдэл хийсэн хэнд ч төр төмөр нүүрээ харуулах нь зүй. Харин ингэж тартагтаа тултал нь залхаан цээрлүүлж, амь насыг нь дээсэн дөрөөн дээр хүргэх нь хэр зөв бэ гэдгийг асуухаас аргагүй нь. Нөгөөтэйгүүр юм үзэж нүд тайлж амжаагүй “нялх Сэнгүм”-үүдэд өндөр дээд алба амлуулж, төрийн хат суухаас нь өмнө элдэв хэрэгт хальтруулсаар байгаа нь ганц Дэнзэн биш.
Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын шадар туслах Б.Тулга гэгч залуу мөн л албан тушаалтны нөмөр нөөлөгт дулаацах бус жиндэснийг санаж байна. Хотын А зэрэглэлд байршилтай Өргөө зочид буудлыг хууль бусаар хувьчлан авахад онцгой нөлөөтэй этгээдээр тодорсон түүнийг тэргэнцэрт суутал нь хорьж цагдаж, байцааж байсан билээ. Эл хэрэгт Б.Тулгын ах Б.Хуяг холбоотой байж магад гэсэн мэдээлэл ч цацагдаж байв. Олонд танигдсан бэл бэнчинтнүүдийн санаархаад бараагүй алтан байршил бүхий зочид буудлыг хувьчлаад авчих арга мэх хэний ч танихгүй эгэл залууст байсан гэдэгт итгэмгүй. Тухайн үеийн албан тушаалтны, ах намын ээлжит туг тахилгад өртөгсөд ганц нэгээр тогтохгүй. Цагтаа МАН-ын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харьцах газрын даргаар ажиллан мандаж явсан Н.Дэмбэрэл гэгч залууг “Цайрт менерал”-ын асуудлаас болж ял сонсож байсан гээд тоочоод байвал золигт гаргасан залуусын тоо цөөнгүй. МАН-ын лидерүүдийн нэг Ц.Мөнх-Оргил АНУ-д Харвардын их сургууль төгсөөд ямар гээч арилгасан сонгино шиг амьтан ирлээ дээ. Нөгөө Архимедийн хэлсэн “Надад тулах цэг өг. Би дэлхийг эргүүлье” гэдэг шиг л сурсан мэдсэнээ эх орон, ард түмнийхээ төлөө гэсэн чин сэтгэл өвөрлөн ирсэн нь мэдрэгдэж байсан. Гэвч тэрбээр тулах цэгээ буруу сонгосноос болж, долдугаар сарын 1-ний хар хэрэгт холбогдон хамаг нэр хүнд, цог золбоогоо гээсэн юм даг.
Албан тушаалтнуудын нөөлөгт жаргахыг мөрөөдөж, амар хялбар аргаар бэлжих хүсэлдээ хөтлөгдсөн залуусыг намдаа татан оруулаад, хөл гартаа зарцлан эцэст нь золиосолдог муу арга аль ч намынханд бий. АН,МАН,МАХН гэхчилэн нам, эвслийн араа шүдний чигчлүүрт өртөж, амь нас, эрүүл мэнд, амьдрал ахуй гээд байгаа бүхнээрээ дэнчин тавихын хэрэг юусан билээ. Мэдээж сонголт хувь хүний гарт байж таарна. Гэвч бүтээж туурвих эрмүүн хүсэлтэй, эрдэм чадалтай залуусыг цэл ногооноороо байхад нь олзолж, намдаа элсүүлж, төрийн албанд зүтгүүлчихээд эцэст нь бохир улс төрийн золиос болгон хаяж байгаа нь шударга хэрэг мөн үү. Хойшдоо хичнээн залуус ийн “Нүцгэн гараараа могой барих”-ыг таашгүй. Тиймээс л “Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрах”-ыг чухалчлаад байгаа юм шүү дээ.