Б.Гарамгайбаатар: 34 хувийн эзэмшлээ ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр солих нь зөв шийдэл

2015 оны 6 сарын 08

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2015.06.08/ ээлжит хуралдаанаа хийсний дараа бүлгийн удирдлага мэдээлэл хийлээ.

 

Бүлгийн хуралдаанаар нэгдүгээрт, Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, хоёрдугаарт, УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд батлах шаардлагатай байгаа хуулиудыг эрэмбэлж, гуравдугаарт УИХ болон Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар судалж, санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийн саналыг сонслоо. Мөн нийтийн сонсголын тухай хуулийн төсөл болон шийдэл нь хүлээгдэж буй бусад асуудлуудыг хэлэлцсэн гэдгийг бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдэгдлээ. Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Гацууртын ордод төр хэдэн хувь эзэмших ёстой гэж Ардчилсан намын бүлэг үзэв?
-Бүлгийн хурлаар зарчмын хувьд дэмжих нь зүйтэй гэсэн шийдвэр гаргалаа. Өнгөрсөн жил төр Гацууртын ордыг ашиглах шийдвэрийг УИХ гаргасан. Өнөөдөр төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг Засгийн газар оруулж ирлээ. Засгийн газар Гацуурт компанитай тохиролцоод 34 хувийг эзэмших шийдвэрт хүрсэн байна. Гэхдээ энэ хувиа ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулж авах шийдвэрт хүрсэн тухай заалт тогтоолын төсөлд байгаа. Ялгаа нь, манай төр 34 хувийг эзэмших юм бол тухайн ААН-д шаардлагатай хөрөнгө оруулалтын 34 хувьтай дүйцэхүйц  хэмжээний хөрөнгийг Засгийн газар гаргах шаардлагатай. Үүнийг хийхийн тулд олон ажил явагдах ёстой. Жишээлбэл, өнөөдөр Гацууртыг эзэмшиж байгаа компанийн хөрөнгө оруулалтыг дахин тоолох,  үнэлэхээс эхлээд олон ажил хийгдэнэ, тэдгээрт нэлээд цаг хугацаа шаардагдана.  Иймд 34 хувийн эзэмшлээ ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр солих нь цаг хугацааны хувьд ч тэр, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлаа тооцсон ч тэр зөв шийдэл болоод байгаа юм.

-Энэ ордыг ашигласнаар Монгол Улсад хичнээн хэмжээний ашиг орж ирэх вэ?
Б.Гарамгайбаатар: -Төсөх хэрэгжих хугацаанд нийт борлуулалт 1.769,2 сая ам.доллар, үүнээс авах татвар 265,6 сая ам доллар байна. Үүнийг задалж авч үзвэл ашигт малтмалын нөөц ашигласны татвар 139,4 сая ам.доллар, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр нь 53 сая ам.доллар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 57 сая ам.доллар, суутгал татвар 16,2 сая ам.доллар болж байна. Ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр өнөөдрийн үнэ цэнээр бол ЗГ-т ногдох мөнгөн урсгал нь 159 сая ам.доллар буюу 72,2 хувийн өгөөжтэй. Хөрөнгө оруулагчдад ногдох мөнгөн урсгал нь 61,3 сая ам.доллар буюу 27,8 хувь болж байна.

-Гацууртын ордыг ашилаж эхэлнэ гэхээр өв соёлын өчнөөн дурсгал тээж буй Ноён уулын асуудал хөндөгдөнө. Энэ талаар намын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
Ш.Түвдэндорж:  Бүлгийн хуралдаанаар Ноён уулын асуудлыг хэлэлцсэн. Тус уулыг төрийн тусгай хамгаалалтанд авах асуудлыг Г.Баярсайхан тэргүүтэй гишүүд УИХ-д өргөн барьж батлуулахаар болсон.

-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг АН-ын бүлэг дэмжиж байгаа юу? Нөгөөтэйгүүр өртэй компаниудыг өршөөх тухай хууль яригдаж байгаа юу?
Б.Гарамгайбаатар: -Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Эдийн засгийн өршөөлийн тухай хууль гээд хоёр хууль өргөн баригдчихсан байгаа гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг нь хэлэлцээд явж байна. Эдийн засгийн өршөөлийн тухай хууль нь хэлэлцэгдээгүй байгаа. Эрүүгийн багц хуулиуд батлагдаж гарсны дараа энэ хуулийг хэлэлцэнэ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн  Ажлын албаны Олон нийттэй харилцах хэсэг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22707
0 эможи
keyboard_arrow_up