Я.Санжмятав: Эрт орой мэдэхгүй, МАН сонгуулиас өмнө засгаас гарч л таарна

2015 оны 5 сарын 18

УИХ-ын гишүүн Я.Санжмятавтай ярилцлаа

-Таны ажиллаж байсан Засгийн газар огцорч дараагийн засаг бүрдсэн ч дахиад л огцруулах яриа гарлаа. Улс төрийн нөхцөл байдлыг яаж харж, дүгнэж байна вэ?
-Эдийн засаг хүндрэлтэй, хийх ажил асар их байгаа энэ үед Засгийн газраараа ойр ойрхон оролдоод байх нь тийм таатай зүйл биш. Энэ парламентад аль нэгэн нам дангаараа олонх болоогүй олон суудал авсан нь үнэн. УИХ-д суудалтай бүх намууд засагт хамтарчихлаа. Бид дэмжиж, огцорч байгаад бүх нам засагт орсон. Улс орны өмнө тулгамдсан олон асуудал байна.

Энэ бүхнийг хамтраад даван туулъя гэсэн зорилгын хүрээнд хоёр намын хүмүүс санаачилга гаргаад явсан. Энэ нь бас буруу шийдэл ч биш юм байна гэж ойлгосон. Улс орны хөгжил чухал байна. Их хүчтэй сөрөг хүчинтэй байх нь ажил хийлгэдэггүй. Өмнөх Засгийн газрын үед асуудал дэвшүүлээд ороод ирэхэд бөөн хэрүүл болдог байсан. Нэг зүйл хийх гэдэг, асуудлууд гаргаад ирдэг, гох дэгээ тавьдаг.

Асуудал бүр дээр шүүмжлэл ирдэг. Ингэж сууснаас нэгдэж нийлээд улс орноо хөгжүүлэх нь зөв гэсэн байр сууринаас шийдлийн Засгийн газрыг байгуулагдахад нь дэмжсэн. Өмнөх Засгийн газар ажил хийнэ гэхээсээ илүү тодорхой саад байнга үүсч дээрээс нь тодорхой асуудлууд гуравны хоёрын саналаар шийдэгдэх байсан учраас хүссэн ч  эс  хүссэн ч тэдний оролцоог авах шаарДлага байсан.

-Байгуулагдаад бараг хагас жил болчихлоо. Ялгаагүй л шүүмжлүүлж байх шиг байна. Ажил хийхгүй, асуудлыг шийдэхгүй байна гэж хүн бүр ярьж эхэллээ?
-Залуу Ерөнхий сайд зоригтой хэлсэн. Эдийн засаг бас дахин эдийн засаг гэж нэлээд чанга дуугарлаа. Ч.Сайханбилэг хийе гэснээ хийгээд явдаг. Би олон жил хамт ажилласан хүний хувьд мэднэ. Даанч хамтарч нийлсэн, баг болж байгаа хүмүүс нь унхиа муутай' байна уу гэж харагдаж байгаа. Асуудлыг нь дэмжих сэтгэл бага байх шиг. Гаднаас нь харахад хамтарчихаад байгаа юм шиг ч хийж эхлүүлсэн үйл ажиллагааг нь харахад эвссэн намууд нь бодлогынхоо хүрээнд дэмжиж егөхгүй байна.

Засаглалын түвшинд нийлсэн хүмүүс нь дэмжиж, бусад нөхөд нь болохоор хий хоосон шүүмжлэгчийн байр сууринаас хандаад байгаа учраас бодлого, төлөвлөсөн ажлууд нь өдийг болтол хэрэгжихгүй байгаа. Зөвхөн энэ асуудлыг намын бүлгүүд ойрын хугацаанд ярих хэрэгтэй. Засгийн газрынхаа түвшинд ч бодлогоо тодорхойлж эрчимтэй ажиллахгүй бол итгэл өгөх хүний тоо өдрөөс өдөрт цөөрөх хандлагатай байна.

-МАН-ыг засгаас гарна гэх юм. Та парламент дотор нь байгаа хүний хувьд ямар дүгнэлттэй байна вэ?
-Олон өөр яриа байгаа юм. МАН-ыг засгаас гарах нь гэсэн сураг дуулдаж л байна лээ. Эрт орой нь мэдэхгүй. Ямар ч гэсэн сонгуулиас өмнө гарч таарна. Гарах хугацаагаа хүлээгээд байлгүй ард түмний өмнө тулгамдсан, төр засгийн ажлыг сэтгэл гаргаж хийх ёстой.

Засагт олонх нь АН байгаа учраас Засгийн газар огцрохгүй байх. Гэхдээ ажилд садаатай, асуудал шийдэхгүй байгаа ганц нэг сайд байгааг чөлөөлж, сэлгэх асуудал байхыг үгүйсгэхгүй.

-Бүр засагт хамтарчихаад Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй гэж МАН-ынхан мэдэгдээд байгаа?
-АН-ын зүгээс “Ажилтай орлоготой Монгол хүн" хөтөлбөр дэвшүүлээд шинэчлэлийн олон ажлыг эхлүүлсэн. Анх Засгийн газрыг хамтарч байгуулахдаа ч ширээ сандал, хэдэн сайд вэ гэдгийг ярьсан болохоос эвссэн нам өөрийнхөө мөрийн хөтөлбөрөөс оруулна гэж тухайн үед яриагүй. Цаг тулчихсан энэ үед олон асуудлыг шийдэхийн оронд юу боллоо гэж мөрийн хөтөлбөрийг шинэчлэх гэж суух вэ.

Энэ нь бас л ажлыг удаашруулах гэсэн, эсвэл засаг дотроо бужигнаан бий болгох эхлэлийг тавьсан ийм л асуудал байх. Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг сая дүгнэхэд 50 гаруй хувьтай явж байна. Үлдсэн ажлуудыг сонгууль хүртэл шахаж хийлгэх ёстой юм.

-МАН засагт хамтарсан. Гэлээ ч шүдний өвчин болчихоод байна гэсэн үг үү. АН- ынхан л ойлголцлыг эхлүүлэх ёстой биздээ?
-Хамтарсан намуудын бүлэг хооронд ойлголцлыг эхлүүлэх ёстой нь үнэн. Тийм айхавтар эвдрэлцэл байхгүй юм. Гэхдээ хамт явж байгаад дундаасаа хорон ажиллагаа хийгээд байна. Ажлыг нь явуулахгүй садаа болох тохиолдол ч байна. Асуудлыг дэмжинэ гэж ярьчихаад нийгэмд хандахдаа сөрөг хүчнийхээ байр сууринаас хандаад байдаг. Бүгдээрээ нэг дуу хоолойгоор яв гэж хэлж байгаа юм биш. Олон өөр дуу хоолой, өнгө аястай байж болно. Гэхдээ ажлаа хийе гэсэн чин сэтгэлийн хамтрал бага харагдаад байх шиг байна.

-Асуудал байгаа юм байна. Одоо тэгээд гарц нь хаанаа байна?
-Монголын эдийн засаг айхавтар хямарчихаагүй. Бидэнд гарц гаргалгаа, хөрөнгө оруулалт татах боломж байгаа. Оюутолгой, Тавантолгойгоогоо эдийн засгийн эргэлтэд оруулах арга замыг олох ёстой, олох ёстой гэдэг нь аль аль талынхаа ашиг сонирхлыг багтаасан, Монгол Улсын эдийн засагт, Монгол хүнд наалдацтай, хөгжилд нэмэртэй ийм шийдлийг богино хугацаанд гаргаж хэрэгжүүлэх ёстой. Хоорондоо наймаа хийсэн хүмүүс аль аль нь хожиж, сэтгэл ханамжтайгаар явдаг шиг гадны, дотоодын компаниудын хэн нэгэнд нь түшиглэж наймаагаа хийх бус хоёулангийнх нь сонирхлыг багтааж чадвал асуудлууд шийдэгдчих-байх. Түүнээс биш гадуур ярьж байгаа шиг Таван толгойгоо болж гурван толгой хэрэлдээд, ажил гацчихсан зүйл битгий байгаасай гэж бодож байгаа.

Нөгөө талаар Таван толгой, Оюу толгой хөдлөөд маргааш нь энэ бүх хүндрэл арилчихна гэж байхгүй. Ажил явагдана, хөрөнгө оруулалт хийгдэнэ. Тэгээд 2016 оны эхээр эдийн засаг, валютын ханшид нөлөөлөх алхам хийгдэнэ. Хамгийн гол зүйл буюу Монголд ямар бололцоо байгаа вэ гэвэл экспортод гарч байгаа алт, зэс, нефть зэрэг бүтээгдэхүүний ашиг орлого Монголын банкаар дамждаг байх.Монголын баялаг гардаг ч мөнгө нь буцаж Монголбанкаар дамждаггүй нь валютын ханшийг өнөөдрийн өндөр түвшинд хүргэсэн. Зөвхөн өнгөрсөн жил л гэхэд 3.6 тэрбум ам.доллараар үнэлэгдэхүйц нэр төрлийн бүтээгдэхүүн экспортод гарсан.

Үүний төлбөр тооцоо нь л Монголын банкинд орж бүртгэгдээд эргээд гарчих юм бол манай эдийн засагт хүнээс хараад, гуйгаад байх зүйл гарахгүй болох юм. Их энгийнээр ойлгуулах юм бол ердөө энэ л асуудлыг шийдэх шүү дээ. Уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлогчидтой хийсэн гэрээгээ шинэчлэх хэлбэрээр юм уу эсвэл Монголын банкаар тэр их мөнгийг дамжуулахдаа хянаж, шалгахгүй гэх баталгааг нь манай тал харин хариуцлагатай өгч, итгэл хүлээлгэх ёстой.

Үүнийг хийчихвэл эдийн засаг богино хугацаанд сэргэх боломж бий. Дараагийн асуудал нь ажлын байрыг тогтвортой байлгах. Монгол Улсын гурван сая иргэний 1,1 сая нь ажил хөдөлмөр эрхлэх насны, эрхэлж буй хүмүүс байгаа. Тэднийг хооллож, хувцаслаж байгаа гол хэсэг маань баялаг бүтээгчид. Тиймээс улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед хямралд хүргэхгүйн тулд бүтээгчдээс хүсэх нэг зүйл бий. Тэр нь юу вэ гэвэл “Та бүхэн тав, арван ажилтантай байна.

Хоёр жилийн хугацаанд ямар ч байсан тоог нь цөөлөхгүй, ажлын байрыг нь хадгалаач ээ" гэж гуймаар байгаа юм. Мөн аж ахуйн нэгж л юм чинь татвар төлж таарна. Энэ татваруудаа хугацааг нь хойшлуулалгүй өгчихвөл улс орныхоо төлөө оруулж байгаа том хувь нэмэр. Бүтээгчид маань ажилтнуудаа халчихгүй бол мал аж ахуй, газар тариалангийн салбарт ажиллаж байгаа иргэд маань өөрсдийгөө тэтгэж тэжээгээд явчхаж чадна. Үнэхээр баялаг үйлдвэрлэгчид Монголыг авч явж байгаа. Бид л өөрсдөө эв түнжин сайтай, хамтраад хийе бүтээе гэсэн сэтгэлтэй байхгүй бол хэн нэгэн хүн ирээд хийгээд өгөхгүй.

-Гишүүд ингэж ярьж байгаа ч УИХ-ын түвшинд асуудал өөрөөр яригдаж байгаа. УИХ дээр татварын багц хууль, Татварын өршөөлийн хууль зэрэг хүлээлт үүсгэсэн хууль олон бий?
-Бид одоо хамтарсныхаа үр дүнг л харж байгаа. Шууд хэлбэл хамтарчихаад байгаа энэ үедээ л улс орныхоо төлөөх ажлуудыг амжуулж авах ёстой. Түүнээс биш АН л олонх учраас бөөстэй дээлийг нь сонгуулиар нөмрүүлнэ дээ гэсэн атгаг санаагаар хандаад байвал ажил явахгүй. Ямар ч нөхцөлд Монголын ард түмэн ухаантай гэдгийг мартаж болохгүй.

Энэ парламентад, засаг дээр болж байгаа үйл явдлыг хөдөө орон нутагт ажиллаж амьдардаг хүмүүс гишүүн Санжмятаваас ч дутуугүй мэддэг. Бид нэг ярихаараа нийгэмд таалагдах үг хэлээд байдаг нөгөө гараараа ажлыг гацаагаад байдаг. Энэ зүйлээ багасгаад Ерөнхий сайд нь “Татварыг нэмэхгүй бас багасгахгүй” гэсэн зарчим дээрээ асуудлуудаа онцгой анхаарч ажиллавал жаахан урагшаа явах байх.

-Таныг Хөдөлмөрийн яамны сандал ширээний асуудлыг огцортлоо шийдээгүй байсан учраас сая баахан халаа сэлгээ хийлээ гэсэн шүүмжлэл гарлаа. Яагаад өнгөрсөн хугацаанд асуудлаа цэгцэлчихээгүй юм бэ?
-Хөдөлмөрийн яамнаас сая чөлөөлөгдсөн хүмүүс үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Яагаад үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан бэ гэвэл Төрийн албаны салбар зөвлөлийг Төрийн нарийн бичгийн дарга ахалдаг. Манай яамны Төрийн нарийн бичгийн дарга жинхлээгүй байсан. Жинхлэх асуудлыг ярихын тулд Засгийн газар захиалгаа Төрийн албаны зөвлөлд өгөх ёстой. Энэ захиалгыг өгөх гэхээр өмнө нь байсан хүмүүс өргөдлөө татаж аваагүй байдаг.

Ууганбаатар гэдэг хүн байсныг Засгийн газар томилохгүй гэсэн. Ганцэцэг Төрийн албаны зөвлөлөөс нэрээ татаагүй тохиолдолд захиалга өгч болохгүй. Хуулийн гаргалгаа нь тийм байсан учраас намайг ажил өгтөл үүрэг гүйцэтгэгчийн асуудал шийдэгдээгүй юм. Харин сая энэ асуудлыг шийдэж дөрөв, таван газрын Төрийн нарийн бичгийн даргыг томилсон байна. Сонгон шалгаруулалтыг явуулах нэг хэрэг Түр орлон гүйцэтгэгчийг чөлөөлчихөөд дахиад түр орлон гүйцэтгэгч тавьж байгаад сонгон шалгаруулалт явуулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм.

Тиймээс энэ бол Санжмятавтай холбоотой асуудал биш. Асуудлыг шийдэхээр Засгийн газарт олон удаа хандаж байсан. Ер нь энэ Засгийн газрыг байгуулагдахад би хэлж байсан. Тодорхой ажлуудыг. эхлүүлсэн. Та бүхэн очоод ажилтайгаа зууралдаарай. Хүнтэй битгий зууралдаад байгаарай гэж хэлэхэд бүр зөрүүдэлж байгаа юм шиг яваад эхэллээ.

-Таныг тойргоосоо салахаа больсон, Завхан аймагт л байж байдаг гэж ярих болсон байна лээ?
-Тойрогтоо зав зай гаргах хэрэгтэй. Энд хэдэн хүний хэрүүл сонсоод зөв буруу гэж байхын оронд сонгогчидтойгоо хамт тойрогтоо алхаж явах нь зөв байх. Тэдний санал бодлыг сонсох, тийш нь хөрөнгө оруулалт татах, хүүхэд залуусаа хүмүүжүүлэх гээд Завхан нутгийн төлөө хийх ажил байна.

Тиймээс нутаг руугаа явж байгаа. Дээрээс нь он гаргаад Завхан аймгийн АН-ын даргын сонгууль боллоо. Өрсөлдөөд ялсан. Завхан аймгийн орон нутгийн сонгуульд АН-ыг ялуулах үүрэг надад нэмэгдэж байгаа учраас аль болох иргэддээ хүрч намынхаа бодлогыг ойлгуулах, хөгжлийн төлөө дуугарах, зааж зааварлах гээд олон ажил байна.

-Та Алтангадас фракцийг бас даргалж байгаа. Фракцгүй нам болохоо уриалсан. Танай фракц хэрхэн хүлээн авсан бэ?
-Алтангадас фракцийн даргаар сонгогдоод жил шахам болж байна. Манай намд дөрөв, таван ч фракц байдаг. Намын дарга фракцгүй намын төлөө гэсэн зорилго тавьж байгаа нь фракцаар дамждаг хүндрэлүүдээс зайлсхийх бодлого байх. Үүний дагуу фракцгүй намын төлөө ажиллана гэсэн боловч фракциудаас тэр нь тарчихлаа гэсэн мэдээлэл алга.

Их идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь бас алга. Ер нь нам доторх фракц аль ч улс оронд байдаг. Намын даргын өөрийнх нь харьяалагддаг байсан фракцаас эхлээд тарчихсан нь харагдахгүй л байна. Идэвхтэй фракцлаад байхгүй ч найз нөхдийн хүрээнд санал бодлоо солилцох асуудал зэрэг нь крант хааж байгаа юм шиг хаагдчихгүй байх. Алхам алхмаар л шийдэгдэх зүйл.

-Та сайд байхдаа дэлхийн ур чадварын тэмцээн буюу мэргэжилтэй ажилтнуудын олимпд Монгол Улсыг оролцох эрхтэй болгосон. Одоо салбарыг удирдахгүй байгаа ч яг энэ асуудалд анхаарч байна уу?
-Дэлхийн мэргэжилтэй ажилчид, дэлхийн ур чадварын олимпд оролцоод шалгарсан хүмүүсийг нь томоохон компаниуд авч ажиллуулдаг. Гагнуурчин, токарьчин, үсчин гээд бүхий л ангиллаар дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм.

Хөдөлмөрийн сайд байхдаа Дэлхийн ур чадварын олон улсын байгууллагад 69 дэх гишүүн орноор элсүүлсэн. Энд элссэн орны мэргэжилтэй ажилчид тэр тэмцээнд оролцдог.

Одоо наймдугаар сард Бразилд тус тэмцээн болно. Үүнд оролцохоор жил гаруй хугацаанд хүүхдүүдээ бэлтгэж байгаа. Эхлүүлсэн болохоор энэ олимпоос медаль авах юмсан гэсэн хүсэл эрмэлзэлтэй байдаг юм.

-Завхан аймаг авто замаар Улаанбаатартай холбогдож дуусаагүй байгаа. Зам тавигдах болов уу эсвэл эдийн засгийн хүндрэлийн хүрээнд зогссон уу?
-Завхан аймгийн хөгжлийн тулгамдсан асуудал зам болж байна. Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбогдох тухайд Солонготын даваанаас Их-Уул, Тосонцэнгэлийн дөрвөн зам хүртэлх замыг “Хурдны зам" компани барьж байгаа. Удаашралтай байгаа ч гэсэн эрчимжүүлэх асуудлыг холбогдох яаманд нь тавьснаар асуудал урагш ахисан гэж болно.

Мөн Тосонцэнгэлийн дөрвөн замаас Улиастай руу чиглэсэн 114 километр замыг Хятадын урт хугацааны зээлээс санхүүжүүлэхээр болсон. Энэ чиглэлээр аж үйлдвэрийн яаманд саналаа хүргүүлсэн. Урт хугацаанд санхүүжигдэх учраас Хятадын төрийн оролцоо илүү байна. Одоогийн байдлаар холбогдох компаниуд шалгаруулалтдаа орсон байгаа. Ирэх зургадугаар сард эхлэх тов ч гараад байна.

Улиастайгаас Загастайн даваагаар дамжсан 67 километр замын санхүүжилт мөн Хятадын урт хугацааны зээлийн санхүүжилтээс гарах юм. Ингэснээрээ хаанаас ямар хөрөнгө гаргах вэ гэдэг нь тодорхой болсон. Энэ бол түрүүчийн Засгийн газарт байхаасаа эхлээд өнөөдрийг хүртэл хөөцөлдсөний гол үр дүн гарлаа гэж ойлгож байгаа. Тэрчлэн Тосонцэнгэлийн баруун дөрвөн замаас Нөмрөг Сонгино сумаар дамжиж Увс Улаанбаатарыг холбох зам явна. Энэхүү 167 километр замыг концессийн гэрээгээр барихаар Оросын компани шалгарсан. Бэлтгэлээ базааж эхэлсэн байна. Ирэх хоёр жилийн хугацаанд баригдаж ашиглалтад орох төлөвтэй байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21970
0 эможи
keyboard_arrow_up