Эрх баригчдад нэн даруй хэрэгжүүлэх 14 санал тавьжээ

2014 оны 4 сарын 29

УИХ дахь нам эвслийн бүлгүүд хуваарь ёсоор өчигдөр хуралдаж, байр сууриа нэгтгэлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн үдээс өмнөх хуралдаанаар өнгөрсөн 7 хоногт УИХ 2 өдөр дамнан хуралдаж байж хэлэлцэхээр баталсан  “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар хэлэлцсэн байна.  Тогтоолын төсөлтэй холбогдуулан МАН-ын бүлгээс "Ард түмний мөнгийг хэмнэсэн төсөв, мөнгөний бодлого", "Баялаг бүтээгчдээ дэмжсэн татварын бодлого", "Монгол хүнээ дээдэлсэн нийгмийн хамгааллын бодлого" гэсэн гурван чиглэлээр 14 саналыг нэн даруй хэрэгжүүлэхийг эрх баригчдад санал болгожээ.

Энэ талаар ажлын хэсгийн гишүүн Л.Энх-Амгалан "Засгийн газар энэ тогтоолын төслийг маш их цаг алдаж өргөн барьсан. 100 хоногийн дотор эдийн засгийг эрчимжүүлэх, сайжруулах, хямралаас гаргах бодитой ажил хэрэгч санал энэ тогтоолын төсөлд цөөхөн байна. Тогтоолын төслийн хэлэлцүүлгийн үед МАН-ын бүлгээс 14 арга хэмжээг санал болгосон. Ард иргэдийн өмнө хүлээгдэж байгаа асуудлаар гурван санал гарч байна. Нэгдүгээрт, валютын ханшийн эрсдэлийг Монголын бүх аж ахуйн нэгж үүрч байгаа. Энэ асуудлыг УИХ яаралтай шийдэх хэрэгтэй. Хоёрдугаарт, гурван их наяд төгрөгийн өртөгтэй  хоёр жилийн турш хэрэгжсэн үнэ тогтворжуулах хөтөлбөр үр дүнгээ өгсөнгүй. Цаашдаа энэ хөтөлбөрийг зогсоох ёстой гэсэн байр суурьтай байгаа. Гуравдугаарт, өнгөрөгч долоо хоногт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны өнгөрсөн оны ажлыг дүгнэж хэлэлцэхэд тус хорооны дарга манай улсын дийлэнх өрхийн орлого буурсан тухай мэдээлсэн. Сүүлийн жилүүдэд өрхийн орлого дунджаар 15 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байсан. Гэтэл 2013 онд өрхийн орлого дөнгөж дөрвөн хувиар нэмэгдсэн байна. Энэ нь айл өрхийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг статистик тоо баримтаар нотолсон гэсэн үг. Дөрөвдүгээрт, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал Монгол Улсад төлбөрийн балансын хямрал буюу санхүүгийн хямрал нүүрлэж, эдийн засагт мөнгө дутагдаж байгааг албан ёсоор илэрхийлсэн. Иймд юуны өмнө эдийн засгийн хямрал юунаас үүсэв гэдэг оношоо зөв тавих ёстой, хоёрдугаарт, онош зөв тавигдаж байж хямралаас гарах арга хэмжээнүүдээ зөв төлөвлөх ёстой гэж үзэж байна" гэлээ.
Мөн МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Эдийн засгийг хямралаас гаргахын тулд бид төрийн данхайсан бүтцийг багасгах, яамдын давхардсан орон тоог цөөлж өмнө нь байсан төвшинд хүргэх, хэмнэлтийн горимд шилжих саналыг эрх баригчдад тавьж байна" гэсэн юм.

Харин үдээс хойшхи хуралдаанаар нууцын зэрэглэлтэй асуудал болох Тэмүүжин сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн учраас бүлэг ямар байр сууринд хүрснийг дараа дахин  мэдээллэхээр болж байгаа бол мөн завсарлаж хуралдсан АН-ын бүлэг бүлгийн хуралдааны талаарх мэдээллээ өнөөдөр хийгээгүй юм. Эх сурвалжийн мэдээллээр бүлгийн хуралдаанаар энэ 7 хоногт чуулганаар хэлэлцэх асуудлууд болон бүлгийн гишүүд болох Р.Бурмаа, Х.Тэмүүжин нартай холбоотой асуудлыг хэлэлцсэн байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2185
0 эможи
keyboard_arrow_up