Намын бүлгүүд Сонгуулийн тухай хууль дээр саналаа өгнө

2015 оны 4 сарын 21

Сонгуулийн тухай хуулийн төслийг энэ хаврын чуулганд багтааж хэлэлцэхээр хэлэлцэх асуудлын дараалалд оруулчихаад байгаа. Ажлын хэсэг ч Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулж, бэлэн болоод байгаа аж. Гэхдээ УИХ дахь нам, эвслийн бүлгээс саналыг нь авна. Үүний дараагаар дахин ажлын хэсэг байгуулж, саналыг боловсруулж, УИХ-д оруулж ирэх аж. Одоогоор Сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Р.Бурмаа ахлан ажиллаж байгаа юм.

Сонгуулийн тухай хуулийн төсөлд намын бүлгүүдийн зөрчилдөж байгаа байр суурь бол сонгуулийн систем. Сонгуулийг одоогийн үйлчилж байгаа шиг 28:48 буюу 48 нь нэг мандаттай тойргоос сонгогддог, 28 нь намын нэрсийн жагсаалтаар сонгогддог энэ хувилбарыг АН-ынхан дэмжих байр сууринд хүрээд байгаа аж. Харин Ардын намын хувьд бол эсрэгээрээ. Тэд пропорциональ хувилбар буюу намын жагсаалтаар сонгогддог байдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн. Иймд мажоритар буюу тойргоос сонгогддог систем Монголд хамгийн их тохироно гэж үзсэн юм. Энэ ч утгаараа сонгуулийн систем дээр хоёр том хүчин маргаан үүсгэх учир ард түмний саналыг авъя гэж МАН-ынхан санаачилга гаргасан. Бүр ард нийтийн санал асуулга явуулах төслийг ч бэлдчихээд байгаа гэнэ лээ. Сонгуулийг ямар системээр явуулах нь үнэхээр ард нийтээс санал авч, улс орны эрх ашиг, аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний асуудал байх уу, үгүй юу гэдгийг бодох ёстой гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд ярилцлагадаа хэлж байв.

МАН-ын зүгээс хэд хэдэн удаа хэвлэлийн хурал хийж, бид санал асуулгыг ард нийтээс асуух л болно гэдгийг удаа дараа хэлээд байгаа. Тэгэхээр Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлж, эхлээгүй байж л маргаан хэдийнэ өрнөөд эхэллээ.

Уг хуулийн төсөлд зөвхөн сонгуулийн системийн асуудал яригдаад байгаа биш юм. Үүнд сонгуулийн санхүүжилтын асуудлыг мөн тусгаж өгсөн. Хуульд сонгуульд зарцуулах мөнгөний дээд хэмжээ тусгаж өгөхөөр болсон байна. Учир нь намууд их, бага янз бүрийн хэмжээгээр сонгуульд мөнгө зарцуулдаг. Их мөнгө зарцуулсан нь ялалт байгуулахад ойр байдаг гэдгийг ч жижиг намууд шүүмжилдэг. Харин энэ удаа том, жижиг нам гэлтгүй ижил тэнцүү байдлаар сонгуулийн санхүүжилтыг тусгаж өгөөд байгаа аж. Харин сонгуулийн санхүүжилтын хэмжээний тухайд Үндэсний аудитын газар тогтоож өгөхөөр тусгажээ. Тухайн нэг нэр дэвшигчийн санхүүжилтын зардлыг ч мөн хэмжээг нь тогтоож, хязгаарлаж өгөх аж. Энэ нь нэр дэвшигч болон намууд ижил гараанаас эхлэх боломжийг олгох юм байна.      

Мөн намуудын маргалддаг нэг зүйл бол санал тоолох явц. Сонгуулийн саналыг автомат машинаар тоолсон. Энэ нь зарим намын шүүмжлэлийг хүлээж, гараар тоолох хувилбарыг санал болгосон. Гэвч ажлын хэсгийн түвшинд автомат машинаар санал тоолно. Ингэхдээ хяналтын тооллогыг сугалаагаар тоолно, зөрүүтэй гарвал бүх саналыг гараар тоолох хувилбар яригджээ. Ямартай ч намын бүлгүүдээс Сонгуулийн тухай хуулийн төсөл дээр санал авч, үүний дараа дахин ажлын хэсэг байгуулан ярилцаж байж УИХ-д оруулж ирэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20888
0 эможи
keyboard_arrow_up