Ардчилал бол хүрэх цэг биш, явах зам, тасралтгүй үргэлжлэх үйл явц

2015 оны 4 сарын 07

  Та бүхэндээ Ардчилсан хувьсгалын галыг бадрааж Монгол Улсад олон намын тогтолцоо бүрдэх үндэс суурийг тавьсан Монголын ардчилсан нам байгуулагдсаны 25 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

          1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын үр дүнд Та бид улс орныхоо бүрэн эрхт эзэн нь байж, эрх чөлөөт Монгол Улсаа бусдын чигээр биш өөрийн эрхээр хөгжүүлэх хувь заяагаа тайван замаар олж авсан билээ.

         Одоогоос 25 жилийн өмнө 1990 оны  4 дүгээр сарын 7-ны өдөр МоАХ-ноос санаачлан Монголын Ардчилсан намыг байгуулж, улмаар Ардчилсан социалист хөдөлгөөн Монголын Социал демократ намыг, Шинэ дэвшилт холбоо Монголын Үндэсний дэвшлийн намыг байгуулсан түүхтэй. 2000 онд үндэс, угшил нэгтэй таван нам нэгдэж өнөөдрийн Ардчилсан намыг шинээр байгуулснаар Ардчилсан нам ардчиллын үнэт зүйлийг дэмжигч улс төрийн хүчнүүдийн эвлэлдэн нэгдэх талбар болж чадсан. 

        Ардчилал бол хүрэх цэг биш, явах зам, тасралтгүй үргэлжлэх үйл явц. Өнгөрсөн жилүүдэд ардчилсан нам өөрийн үзэл баримтлал, үнэт зүйлээ бүхий л талаар төгөлдөржүүлж, ард түмнийхээ итгэлийг олж, илүү ихээр ачаа үүрэхийн төлөө, улс төрийн хариуцлагатай хүчин байхын төлөө зүтгэж ирсэн.

          Ардчилсан нам 2012 оны УИХ-ын сонгуульд дангаараа хамгийн олон суудал авч орон нутгийн сонгуулиар 12 аймаг, 184 суманд ялалт байгуулж, 2009, 2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дараалан ялалт байгууллаа. Эдгээр үзүүлэлт Ардчилсан нам хэрхэн төлөвшиж, хүчирхэгжиж байгаагийн баталгаа төдийгүй монголын ард түмэн манай намд илүү их итгэл, хариуцлага хүлээлгэж байгаагийн илэрхийлэл болж байна.   

           Улс төрийн коммунист үзэл суртлын тогтсон хэв маягийг өөрчлөх урт удаан хугацааны тэмцлийн явцад Ардчилсан нам олон бэрхшээл сорилтыг даван туулсан бөгөөд бидний алдаа, оноо бүхэн ард түмний нүдэн дээр ил тод байсан. Энэ бол өөрөө ардчиллын ололт, бас шалгуур гэж бид үздэг.

          Өнөөдөр Ардчилсан нам улс үндэстнийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн УИХ-д суудал бүхий нам, эвсэлтэй хамтран ажиллаж байна. Энэ хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улс эдийн засгийн бэрхшээлийг хохирол багатай даван туулж, улс төрийн шалтгаанаар хойшлогдож ирсэн хууль эрх зүйн болон эдийн засаг, нийгмийн томоохон зорилтуудыг хамтын зөвшилцлөлөөр шуурхай шийдвэрлэх учиртай.

          Ардчилсан нам монголын улс төрийн харилцааг боловсронгуй болгох үүднээс “Улс төрийн намын тухай”, ”Улс төрийн намын санхүүжилтийн тухай” хуулиудыг нэгтгэн боловсруулж энэ хаврын чуулганаар батлахын төлөө байна.

          Улс төрийн намын үйл ажиллагаанд ил тод байх, Монгол Улсын гадаад улстай тогтоосон харилцааг эрхэмлэн хүндэтгэх, төрийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож улс төрийн нөлөө үзүүлэхгүй байх нийтлэг зарчмыг мөрдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

          Намуудын нийтлэг бүтэц, зохион байгуулатын загварчлалыг бий болгож, намын бүртгэл, хяналт, санхүүжилт, хөрөнгө орлогыг тодорхой болгон намууд улс төр, эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого боловсруулдаг институци  болон хөгжих шаардлагатай байна.

          Энэ бүхнийг шийдвэрлэхэд “Улс төрийн намын тухай” хууль онцгой чухал ач холбогдолтой учир хууль, эрх зүйн энэ шинэчлэлийг хийхийн  төлөө монголын  улс төрийн бүх хүчнүүд хамтран ажиллахыг уриалж байна.  

         Ардчилсан намыг байгуулах үйл хэрэгт хүчин зүтгэж ирсэн намын ахмад зүтгэлтэн, эх орныхоо дөрвөн зүг найман зовхист болон дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч, сурч боловсорч, ардчиллын үнэт зүйлийг тээж яваа Ардчилсан намын гишүүд, дэмжигчид, монголын нийт ард түмэндээ энэхүү түүхэн тэмдэглэлт өдрийн баярын мэндийг дахин дэвшүүлж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол түмний минь буян заяа дэлгэрэх болтугай

 

АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА                     ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20209
0 эможи
keyboard_arrow_up