НДҮЗ-ийг хуралдуулах хүсэлтийг С.Эрдэнэ сайдад тавилаа
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл/НДҮЗ/-ийн дарга С.Эрдэнэд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг яаралтай хуралдуулах хүсэлт тавилаа. Тэрээр эдийн засгийн хямралд голлон өртөж байгаа тэтгэврийн зээлтэй ахмадуудын эх ашгийн төлөө Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг яаралтай хуралдуулж, МАН-ын бүлгээс тавьж байгаа тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг ил тод, шударга хуваарилалтын болон өрсөлдөөний зарчимд нийцүүлэн нэн даруй шийдвэрлэхийг сайдаас хүсчээ.
Мөн төрөөс цалин, тэтгэвэр нэмэхэд хүндрэлтэй болсон энэ цаг үед Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл цалин, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зорилго бүхий тусгайлсан хөтөлбөр боловсруулж 532 тэрбум төгрөгийг байршуулсан арилжааны банкуудтай нэн яаралтай хэлэлцээр хийх шаардлагатай байгааг ч сайдад уламжилсан байна. Түүнчлэн энэхүү саналыг хэрхэн шийдвэрлэсэн талаар УИХ дахь МАН-ын бүлэг болон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2014 оны ажлын тайланг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд танилцуулахыг хүсчээ.