Н.Батцэрэг: Гишүүн бүлгээс гарах эрх зүйн зохицуулалт байхгүй
Д.Батцогт гишүүн бүлгээсээ гарлаа гэх мэдээлэл өнгөрсөн 7 хоногт гарсан энэ талаар Шударга ёс эвслийн бүлгийн даргааас тодрууллаа. УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг “Одоогоор УИХ-ын гишүүн Д.Батцогтоос бүлгээс гарах тухай албан ёсны бичиг ирээгүй байна. Яахав бүлгийн хуралдаанд дахиж суухгүй гэж хэлээд хуралдаанаас гарч явсан нь үнэн.
Яг ямар шалтгаанаар ийм шийдвэр гаргасныг сайн мэдэхгүй байна. Бүлэг дээр бол Д.Батцогт гишүүнийг бүлгээс гарах шийдвэр гаргах хүртэл маргаан, үл ойлголцол гараагүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Ер нь хуулиндаа аль нэг бүлгийн гишүүн өөрийн хүсэлтээр бүлгээс гарах шийдвэр гарган бичиг өгсөн тохиолдолд бүлгээс гаргана гэсэн заалт байхгүй. Яагаад гэвэл сонгуульд аль нэг субьектээс нэр дэвшсэн шүү дээ. Тэгэхээр тэр нэр дэвшсэн субьектийн хамт бүрэн эрхийн хугацаанд байх ёстой. Цаашид бүлгийн хурал дээр суухгүй яваад байвал хурал тасалдаг гишүүн л гэсэн ойлголттой болох байх даа”.
Мөн өнөөдөр хуралдсан бүлгийн хуралдааны үеэр 2 гишүүний зүгээс дараах хүсэлт ирсэн байна.
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар Өршөөлийн тухай хуулийг ирэх долоо хоногт хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзэн эвслийн бүлгийн даргадаа албан тоот хүргүүлсэн байна. Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү Х.Тэмүүжингийн асуудлаар Хууль зүйн байнгын хороо хуралдахдаа горимын санал гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэж бүлгийн удирдалагадаа хандаад байгаа юм байна. Тиймээс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг дээрхи хоёр гишүүний албан тоотыг хэрэгжүүлэх талаар анхаарч ажиллана гэлээ.