Азийн хөгжлийн банктай байгуулах зээлийн хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөв
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2015.02.04/ хуралдаан үдээс хойш 13 цаг 35 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх тухай төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн Ц.Цолмон, Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаас гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл нар танилцуулсан юм.
Энэхүү зээлийн хэлэлцээрийн төсөл нь хөдөө аж ахуй, барилга, зам тээврийн салбарын мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн сайжруулахад чиглэж байгаа аж. Төслийн хүрээнд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудыг сургалтын орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах, чадамжид суурилсан сургалт, үнэлгээний тогтолцоог бэхжүүлж нутагшуулах, ерөнхий боловсролын сургуульд мэргэжлийн чиг баримжаа олгох, технологийн гүнзгийрүүлсэн сургалттай, бие даасан ахлах сургууль байгуулан сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх юм байна.
Уг төслийн нийт өртөг нь 28.59 сая ам.доллар байх агаад үүний 25 саяыг нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх юм. Энэ зээл нь 25 жилийн хугацаатай эргэн төлөгдөх нөхцөлтэй, эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд жилийн 2 хувийн хүүтэй байх аж. Харин уг төслийг хэрэгжүүлэхэд Засгийн газраас 3.59 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх бөгөөд төслийг 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм байна.
Зээлийн хэлэлцээрийн төслийг өнөөдөр үдээс өмнөх хуралдсан Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцээд дэмжжээ.
Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ж.Энхбаяр, З.Энхболд нар асуулт асууж тодруулав. Сангийн дэд сайд С.Пүрэв гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, энэ зээл нь зээлийн хязгаарт багтаж байгаа бөгөөд өрийн таазад нөлөөлөхгүй, Засгийн газраас оруулах шаардлагатай хөрөнгийг мөнгөн бус хэлбэрээр гаргахаар тооцсон гэдгийг хэлсэн юм.
Харин санал хэлсэн УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Ж.Энхбаяр нар урт хугацаатай, хүү багатай, мэргэжилтэй ажилтнуудыг бэлтггэх, сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн сургалтын баазыг бэхжүүлэх, технологи нэвтрүүлэх тодорхой зориулттай зээл учраас дэмжиж буйгаа илэрхийлэв. Ингээд санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 80 хувийн саналаар зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжлээ.
Дараа нь Засгийн газраас энэ оны 1 дүгээр сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөв. Энэ тухай хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн Ц.Цолмон, Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан нар танилцууллаа.
Дархан хотын ахуйн хэрэглээнээс гарсан бохир усыг цэвэрлэх байгууламжийг 1965 онд ашиглалтад оруулсан агаад 1990 онд өргөтгөл хийжээ. Гэвч тус хотыг аж үйлдвэрийн томоохон хот, төвийн бүсийн тулгуур болгож хөгжүүлэхэд одоо байгаа инженерийн байгууламж, шугам сүлжээг өргөтгөн сайжруулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа аж. Иймээс “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл”-ийг Азийн хөгжлийн банкны 18.5 сая ам.долларын хөнгөлөлттэй болон энгийн эх үүсвэрийн зээлээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ төслийг хэрэгжүүлснээр Дархан хотын төв цэвэрлэх байгууламжид шинэчлэл хийгдэж, бохир ус зайлуулах системийн 1.800 метр шугамыг сольж, хоёр насосны станцын тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх юм байна.
Уг төслийн нийт өртөг нь 20.68 сая ам.доллар байх бөгөөд үүнээс 18.5 сая ам.долларыг тус банкны зээлээр санхүүжүүлэх бөгөөд зээл нь 20 жилийн хугацаатай, эхний 5 жилд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, жилийн 2 хувийн хүүтэй байх аж.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж тодруулан саналаа хэлсний дараа зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжиж, хэлэлцээрт гарын үсэг зурахыг Засгийн газарт зөвшөөрье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжив. Иймээс Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо.
Байнгын хорооны энэ удаагийн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 3-ны өдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн хамт өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай”, “Монгол Улсын Их Хурлын тогтоолын зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа хуулийн төслийн талаар гишүүдээс гаргасан зарчмын болон найруулгын шинжтэй саналын томёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авлаа. Улмаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг гишүүдийн 72.7 хувийн саналаар дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.
Дараа нь Ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувийн саналаар баталсан юм. Монгол Улсын “Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичиг болон “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, цэргийн зэвсэглэл, техникийн хадгалалт, хамгаалалтын байдалд шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Энхболдоор ахлуулан УИХ-ын гишүүн Г.Батхүү, М.Батчимэг, Л.Болд, О.Содбилэг, Ц.Оюунбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгууллаа. Санал, дүгнэлт, шийдвэрийн төслөө энэ оны 10 дугаар сард багтаан Байнгын хорооны хуралдаанд танилцуулахыг Ажлын хэсэгт үүрэг болгохоор тогтоолд дурдсан байна.