“ШУДАРГА ЁС” бүлгэмээс мэдэгдэл гаргажээ
“Шудрага ёс” бүлгэмээс монгол улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд:
Нэг: Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүн-сайд нарын "давхар дээл"-ийн тухай хуулийн төсөл улс төрийн хүрээнд хэрүүлийн алим боллоо. Уг хуулийн мөрдөх хугацааг 2016 оны 7 сарын 1-нээр тогтоохоор хууль санаачлагч төсөлдөө тусгасан. Харин МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд, олонхийн эвсэлийн зарим гишүүд санаа нэгдэн хуулийн хугацааг 2014 оны 7 сарын 1 болгон наашлуулж, Засгийн газрыг огцруулах санаархалаа хэрэгжүүлэх далим болгон ашиглахаар улайрч байна.
Энэ хуулийг санаачилсан Ц.Элбэгдоржийн 2 удаагийн Засгийн газар, МАН-ын дарга байсан С.Баярын 2 удаагийн Засгийн газар, С.Батболдын Засгийн газар, одоо МАН-ын даргаар ажиллаж буй М.Энхболдын Засгийн газар бүгд л гишүүн-сайд нараас бүрдэж байсан. Гишүүдийн давхар дээлийг тайлах зөв байсан юм бол тэд өөрсдөө яагаад хэрэгжүүлж болоогүй юм бэ гэдэг асуулт гарч ирж байна.
Үндсэн хуульд: "УИХ-ын гишүүн хүн сайдаар хавсран ажиллаж болно" гэж заасан, тэгэхээр Ерөнхийлөгчийн санаачилсан хууль Үндсэн хуультай зөрчилдөж байна. Гэтэл энэ хуулийн төсөлийн гуйвуулсан хувилбар УИХ-ын чуулганд анхны хэлэлцүүлэгээ даваад явж байгаа нь гайхал төрүүлнэ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсаны дараа энэ асуудалыг хэлэлцсэн бол өөр хэрэг, Засгийн газрыг огцруулах сонирхолтой хүмүүст Үндсэн хуулийн заалт ч хамаагүй байдаг бололтой. Хуулийн төсөлийн дараагийн хэлэлцүүлэг дээр, эсвэл Үндсэн хуулийн цэцэд хууль дээдэлдэг иргэн өргөдөл гаргаснаар өндөр аваад буй энэ алдаатай шийдвэрийг засах ёстой гэж үзэж байна.
1996-2000 онд Ардчилсан холбоо эвсэлийн дотоод зөрчилийг ашиглан Засгийн газруудыг нь унагаж улс төрийн хожоо гаргаж байсан МАН-ын тоглоом дахин сэргэлээ. УИХ-д олонхийн суудал авсан улс төрийн хүчин байхгүй учир энэ Засгийн газар огцорлоо гэж бодоход дараагийн Засгийн газар тогтвортой ажиллана гэж итгэхэд бэрх. Товчхондоо бол 4 жилд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх Засгийн газар хугацаанаасаа өмнө огцрох нь ядарсан ард түмэний амьдралд дарамт нэрмээс болно.
Хоёр: Шинэчлэлийн Засгийн газар нэг их наяд төгрөгийн өртэй, авилгажсан төсөвийг хүлээж авсан байдаг. Дэлхий даяар санхүүгийн хямрал үргэлжилж, гадаад дотоод нөхцөл байдал тааламжгүй байхад таван тэрбум долларын хөрөнгө оруулалт татаж чадсаныг сайшааж байна. Боондын мөнгийг өр гэхээсээ илүү хөрөнгө оруулалт гэдэг талаас харах хэрэгтэй. Энэ мөнгө орж ирээгүй бол одоо бүгдээрээ Засгийн газрын арчаагүйг гайхаж шагшраад сууж байх байсан биз. Дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ удахгүй өсөх нь тодорхой байгаа, Монгол улс ямар ч өрийг эрдэс баялагаараа төлөх чадвартай орон. Муугаар бодоё. Өрөнд ороод сөнөсөн улс гэж байдаггүй. Өрөө төлж чадахгүй байгаа орны нөхцөл байдлыг судалж, хүү төдийгүй үндсэн өрийг чөлөөлдөг Олон улсын конвенц ч бий. Ийм жишээг холоос хайх хэрэггүй, ЗХУ-ын их өрийг тэглэсэн манай туршлага ч бэлээхэн байна. Учир иймд, өө сэв хайгчдын хорт явуулгад авталгүй боондын хөрөнгө оруулалтаараа бүтээн байгуулалтын ажилаа улам эрчимжүүлэхийг Шинэчлэлийн Засгийн газарт зөвлөе.
Шинэчлэлийн Засгийн газрын 2013 оны бүтээн байгуулалтын ажил санасаныг бодоход дажгүй сайн байлаа. Цаана нь 2014, 2015, 2016 онд их бүтээн байгуулалтын ажил хийх хөрөнгө мөнгөө босгож, бодлого чиглэлээ тодорхойлжээ. Гэтэл ганцхан жилийн бүтээн байгуулалтын ажлыг авах юмгүй харлуулж, мөхлөө сөнөлөө гэж муулаад байгаа МАН-ынхан яасан амны билэггүй улс вэ.
Гэхдээ Шинэчлэлийн Засгийн газрын бүх юм сайн сайхан байгаа гэж хэлэх аргагүй. Төрийн байгууллагуудын бүтэц зохион байгуулалт, боловсон хүчний шинэчлэл удааширсанаас төрийн захиргааны анхан дунд шатанд МАН-ын бодлогоор дэвшсэн албан тушаалтанууд зориуд ажил унагаж байгаа явдал бий. 1996-2000 онд эрх баригчдын бодлогыг анхан дунд шатанд гацааж байсан МАН хуучин туршилтаа дахин давтаж байгаа хэрэг. Яам, агентлаг, орон нутгийн удирдлагын ажил сайнтай муутай, янз бүр байгаа. Энэ тухайд "Шударга ёс" бүлгэм үнэлэлт дүгнэлтээ удахгүй танилцуулах болно" гэжээ.