МАХН-ын дэд сайд нар тодорчээ

Шинэчлэлийн засгийн газар огцорч, дөрвөн намын хамтарсан Шийдлийн засгийн газар байгуулагдаж УИХ-аар сайд нараа томилоод байсан билээ.
Харин дэд сайд нарыг томилоогүй байсан бөгөөд өчигдрөөс эхлээд намууд хүмүүсээ тодруулаад байна. Өчигдөр орой МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж дэд сайдуудаа тодруулахаар болсон бөгөөд харин АН-ынхан дэд сайдуудаа томилох асуудал дээр хоорондоо маргаантай байсан талаар эх сурвалж мэдээлсэн.
МАН-аас долоон дэд сайдад 28 хүн өрсөлдсөн бол АН-ын хувьд аль болох хуучин дэд сайд нараа эргүүлэн томилуулах талаар тохиролцсон ч 30 гаруй хүний анкет намын удирдах зөвлөлд хүрсэн гэнэ. Тэгвэл 3 дэд сайдын квоттой МАХН өчигдөр Гүйцэтгэх зөвлөлөө хуралдуулж хүмүүсийнхээ нэрийг тодруулжээ. Хуульзүйн дэд сайдаар Ц.Уугангэрэлийг хэвээр нь үлдээхээр тохиролцсон гэнэ. Харин Н.Энхбаярын туслах байсан Б.Тулга суудал сэлгэж, Боловсрол , соёл шинжлэх ухааны яамны дэдээр томилогдох бол Хөдөлмөрийн дэд сайдад З.Батбаярыг тодруулжээ.









