ИЗНН-д 1 дэд сайд, 1 байнгын хорооны дарга, 1 төрийн нарийн бичгийн дарга өгөхөөр тохирчээ

2014 оны 12 сарын 05

Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг байгуулах гэсэн биш улс төрийн наймаа газар авлаа. Улс орноо хамтраад хямралаас гаргах бодлого хүлээж байтал тохироо хийгээд улс төрчдөд зав алга. УИХ дахь жижиг намуудын шахалт, дарамт сүүлдээ эрх баригчидын төдийгүй төрийн толгой дээр гарах хэмжээнд хүрлээ. Арай дэндүү боллоо.
Тухайлбал Шударга ёс эвсэл өчигдөр өдрийн турш бидэнд Шадар сайд өгсөнгүй гэж гомдоллов. Шадар сайд өгчихвөл л улс орныг хөгжүүлээд будаа болгох юм байхаа. Өмнө Д.Тэрбишдагва гэдэг Шадар сайдтай байхдаа улс орныг тартагт нь тулгасны үр дүнд ийм нөхцөл байдал үүссэнийг ойлгож байгаа Шударга ёсын гишүүн гэж алга. Шударга ёсын гишүүд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд улс орны талаар ямар бодлого гаргасныг санах иргэн байхгүй. Нөгөө шударга ёсыг цогцлоох таван хувьсгал яасан. Сураг алдарсан. Хожим шадар сайд өгөөгүй учраас бид шударга ёсны таван хувьсгалаа хийж чадаагүй гэж 2016 онд ярьж мэднэ шүү гэж ярих иргэдийн тоо л нэмэгдлээ.
Шударга ёс хэмээх 10 гишүүнтэй эвслийн учрыг олох гэж эрх баригчид ийнхүү зовж байхад ИЗНН гэсэн дараагийн толгойн өвчин гарч иржээ. Тэд өнгөрсөн хугацаанд Байгаль, орчин ногоон хөгжлийн яамыг бүрэн эзэгнэсэн. Үр дүн бас л бага. Одоо дахиад л Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг нэхээд суучихжээ. Нилээд удаан хугацаанд ярилцсаны эцэст С.Оюуны ИЗНН-той тохиролцоонд хүрчээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол ИЗНН-д нэг байнгын хороо, нэг дэд сайд, нэг төрийн нарийн бичгийн дарга өгнө гэсэн тохироотойгоор зөвшилцөлд хүрчээ.

ИЗНН дахь эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол тэд энэ гурван том албан тушаалаа хуваагаад эхэлжээ. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийг Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга болгохоор ярьжээ. Харин Хөдөө аж ахуйн сайд байсан Ц.Ганхуягийг аль нэг яамны дэд сайд болгохоор тохирч. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргыг хэнд өгөх нь тодорхойгүй байгаа аж. Энэ албан тушаалын төлөөх өрсөлдөөн ИЗНН дотор хүчтэй өрнөж эхэлжээ. Хаа сайгүй албан тушаалын төлөөх өрсөлдөөн. Парламентад хоёр суудалтай энэ намд ч өрсөлдөөн эрчимжих боллоо.
Эрх баригч АН, олон жилийн хамтрагч өөрсдийнх нь тодорхойлдог гол түнш болох ИЗНН-даа ийм гурван албан тушаал бэлэглэж учраа ололцохоор боллоо.

Энэ бүхний үр дүнд олон жил сайд, гишүүний албан тушаалаас буугаагүй С.Оюун цэргүүдээ ажил албатай болгоод өөрөө дан дээлтэй байхаар шийдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13280
0 эможи
keyboard_arrow_up