АН-ын гунигт түүх давтагдах нь гэмээр харагдаж байна
Энэ долоо хоногийн чуулганаар "Дан дээл, давхар дээл"-ийн асуудлыг хэлэлцэнэ. УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүний албыг давхар хашихгүй гэсэн заалтыг хуульд оруулах гэж байна. УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүний албыг давхар хаших заалт нь хуучнаар МАХН буюу өнөөдрийн МАН-ын сонгуульд ялахыг угтуулж гаргаж ирсэн заалт байдаг юм. Бүтэн 20 жил шахуу ийм маягаар, давхар дээлтэй явж ирсэн. Энэ хугацаанд хэн ч хэл ам хийж байгаагүй. Гэвч энэ удаа гарч ирлээ. Сүүлийн бүх сонгуулиар МАН ялагдлаа. Тэд ялагдангуутаа "Дан дээл" гэсэн яриа гаргаж эхэлсэн. Давраагаад ганц нэгэн хүн өдөөж өглөө. Ингэж л болдоггүй гэдгийг энүүхэн түүхээс бид мэднэ. Хохирлыг нь ард түмэн төлдгийг тэд бүгдээрээ мэдэж байгаа. Сүгсэлзүүрүүд хохирдоггүй л байхгүй юу. Хамгийн ёозгүй нь надад л ашигтай байвал ард түмэн яадаг юм гэсэн үнэр эндээс ханхалж байгаа нь дэндүү өөдгүй байна. Энэ хүртэл давхар дээлний тухай ямар ч яриа байгаагүй юм шүү. Энэ Засгийн газар ил харагдах байдлаараа эдийн засаг нь өсөлттэй, гадны хөрөнгө оруулалт орж ирсэн тийм улс орныг хүлээж авсан ч эцсийн зогсоол дээрээ байгааг энэ Засгийн газар ойлгосон. Цааш яаж явах гээд байгаа нь Шинэчлэлийн Засгийн газар гэсэн нэрнээс нь харагдах ёстой. Мэдээж шинэчлэл бүхэн дардан замаар явдаггүй. Энэ Засгийн газрын ажлыг дан сайн гэж хэлэх аргагүй. Хариуцлагагүй сайд нар бий. Хариуцлагагүй хийсэн нэг мэдэгдэл нь дэлхийн томоохон 20 гаруй мэдээллийн хэрэгслээр цацагдсанаас болж хөрөнгө оруулалт огцом буурсан гэхчилэн. Ийм хүмүүстээ хариуцлага тооцох нь эрүүл үзэгдэл.
Тэрнээс тэр чигээр нь Засгийн газрыг огцруулах шалтгаан биш юм. Монголын Засгийн газар огцорлоо гэсэн мэдээлэл дэлхийгээр нэг цацагдахад хөрөнгө оруулалтууд улам цаашлах болно. Үүнийг бүх хүн мэдэж байгаа. Гэтэл яагаад ингээд байна.
Тэгэхээр МАН Засгийн эрхэнд байхаар давхар дээлтэй байж болдог, МАН Засаглалаас буухаар болдоггүй юм байна. МАН-ынхны уламжлалт технологи байдаг. АН-ынхныг өөрсдийг нь өөрсдөөр нь алуулах аргыг зааж өгдөг. Ямар ч цаг үед АН-д тэдний гар хөл болдог ч юм уу, эрх ашиг нэгтэй нөхдүүд байсан, одоо ч байгаа, цаашид ч байх биз. Гэхдээ нэрэнд нь нэжгээд тооны "А" үсэг орсон тэдгээр шиг нөхдүүд хойшид цөөрөх биз ээ.
Өнөөдрийн МАН-ынхан 1996-2000 оны хооронд АН-ыг засаг барьж байхад "Намын дарга нь Ерөнхий сайд байна" гэсэн яриа гаргаж ардчиллынхныг хооронд нь алалцуулаад Засгийн газрыг нь огцруулж чадаж байсан юм. Өнөөдрийн асуудал яг тэр технологиор явж байна. Эхлээд Засгийн газрыг огцруулна гэж хэлэлцүүлдэг юм. АН аваад л үлддэг. Гэхдээ дахиад ийм асуудал босвол ер нь л аргагүй юм байна шүү гэсэн яриаг айхавтар сайн гаргана. Тэгэнгүүтээ дахиад хэлэлцэх шалтаг гаргаж ирдэг юм даа. Энэ бүх үймээн бужигнааны эхэнд АН-ын гишүүн, "А" үсэг нэрэнд нь нэлээн орсон нөхдүүд шиг хүмүүс гүйлдээд, би тийм ч сайд болно, ийм ч дарга болно хэмээн манаргадаг. МАН-ынхан араас харж инээлдээд, нүүр рүү нь харж нүгэлтэй шударга байгааг нь магтаад л. Тэртээх 1996 онд "Намын дарга нь Ерөнхий сайд байна" гэж өдөөж өгсөн бол энэ удаад давхар дээлний асуудал босгож ирэх шив дээ.
Ингээд АН нь сөрөг хүчинтэйгээ нийлээд Засгийн газраа огцрууллаа гэж бодъё. Огцорсон хүмүүс зүгээр суух уу. Зүгээр сууж байсан түүх бий билүү. 1996 онд "Хөдөөгийн фракц" гэж алдартай бүлэг байлаа. Тэд Засгийн газраа гурван удаа огцруулсан юм. Тэгэсгээд бүрэн эрхийнх нь хугацаа дуусч бүгдээрээ гудамжинд гарцгаасан болохоос биш хугацаа байсан бол дахиад хэдэн ч удаа Засгийн газраа огцруулах хэмжээний хүүхэлдэйнүүд байсныг өнөөдрийн нөхдийн зарим нь эрх биш санаж байгаа байлгүй дээ.
Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад одоо огцруулна гээд байгаа гишүүн-сайд нараас чинь "Давхар дээлний-17" гэсэн фракц үүснэ. Энэ фракц бол Засгийн газрыг хоёр жилийн дотор 20 удаа огцруулж чадна. Энэ 17 хүн бол хэнтэй ч нэгдэж чадах аюултай хүмүүс. Ингээд л 1996 оны АН-ын гунигт түүх давтагдах шинждээ орж эхлэх нь тэр дээ. Юун шинэчлэл, юун газрын тосны үйлдвэр, төмөр зам, тавдугаар цахилгаан станц, уурхай, бүтээн байгуулалтууд... бүгд зогсоно. Долларын ханш хэд хүрэхийг бурхан ч мэдэхгүй. Монгол Улс элгээрээ хэвтэж, хувхай хоосон, араа шүдээ хавирч улс төржсөн хэсэг зэрлэгүүд 2016 оны сонгуульд орно. Тэр үед АН ганц Гүндалайтай үлдэх үү, үгүй юу мэдэхгүй байна. АН-ынхан 2000 онд ялагдаад Америк руу сургуульд явцгааж тансагласан. Одоо бол энэ намынхны бүгдийнх нь оймс гозойно. Юун Америкийн сургууль манатай. АН-ынхныг даврааж болохгүй юм байна гэдгийг МАН-ынхан мах ясандаа тултал ойлгон хөмхийгөө зуун харж байгааг мэдэж байна уу. Бүгдийг чинь Сонсголонгийн парламентад аваачиж "жаргаана" даа. Ингээд Монголын улс төрөөс АН бараг устах болов уу.
Дан дээлний хуулийг маргаашаас эхэлж мөрдөхгүй, 2016 оноос мөрдөнө хэмээн хөөрцөглөж байна. Гэвч Ц.Оюунбаатар гишүүнээс эхлэн зарим нэг буурьтай хуульчид "Ингэвэл Үндсэн хууль зөрчинө" гэж ярьж эхэлсэн. Хууль бүх хүнд ижил тэгш үйлчилнэ гэсэн заалтыг зөрчинө хэмээн тодорхой хэлж байна лээ. Хэнийх нь хууль өнөөдөр үйлчилдэг, хэнийх нь хоёр жилийн дараа үйлчилдэг юм гэсэн маргаан Үндсэн хуулийн Цэц дээр очиход шууд унах магадлалтай гэдгийг "Хоёр жилийн дараа үйлчлэх хууль" хэмээн ярьж байгаа хүмүүс мэдсэн болов уу.
Энэ мэт олон олон эрсдэл дагуулж байгаа болохоор АН-ынхан "Дан дээл-давхар дээл" гэж далжигнахаа больж төр засгаа тогтвортой байлгахад анхаарах хэрэгтэй. Шулуухан хэлэхэд энэ хуулийг хойш нь тавь. Сэйфэндээ хийгээд хоёр жилдээ март. Нэгэнт итгэж сонгосон Засгийн газрыг тогтвортой ажиллуулахаас өөр арга зам байхгүй байгааг өнөөдрийн цаг үе, гадаад дотоод хүчин зүйл, нийгэмд болж буй үйл явдлуудаасаа мэдэр. Цаашдын карьераа бод. Цаг нь болоогүй байхад "Би ч Ерөнхий сайд болно, би ч сайд дарга болно" хэмээн алалдан гарч ирсэн хүмүүс урьд нь дор хаяж нэг сар засагт сууж үздэг байсан бол өнөөдөр 7 хонохгүй унана шүү гэдгийг ухаар. Хохирлыг ард түмэн төлдөг. Гэхдээ ард түмэн төлснөө эргээд нэхдэгийг зарим нэг улс төрчийн хувь тавилангаас бид харж байгаа шүү.