Улс төрийн намууд намын нэр хүнд, улсын эрх ашгийн алийг нь сонгох бол
МАНАН-2 байгуулагдах нь гэж зарим хүн айж, түүгээрээ бусдыг айлгаж эхэллээ. Тулхтай туршлагатай улс төрийн “бод өвс” болсон өвгөн нам “бог өвс”-үүдэд тоогдох гэж гуйх уу, Эсвэл баярлаад гуяа алгадан гүйх үү гэдэг өчүүхэн асуудлыг ярих цаг энэ удаад лав биш юм. Харин нэгэнт хямрал нүүрэлчихээд байгааг хүлээн зөвшөөрч хамтдаа давах зурагаа зурчихаад улс төрийн зөвшилцөл хийх гэж буй Ерөнхий сайдын саналыг анхаарч ухаалаг шийдвэр гаргах нь ард олны нийтлэг эрх ашигт чухал байна. Төрийн түшээд шиг байцгаа л даа, улстөрчид өө.
Сөрөг хүчин байх сайхаан. Шүүмжилчилчихээд л, өө эрээд “хэвтээд” байх амархан шүү дээ. Харин эрх барих хэцүү. Тэр тусмаа ард түмэн “Ингээд та нар эвдрэлцээд бай” гэсэн шиг эвсэхээс аргагүй даажигнасан сонголт хийчихсэн. Энэ бол тохиолдол гэхэд хэцүү. Биш гэхэд амаргүй “улс төрийн шоглоом”-ын ёжтойхон өрөлт байсан юм шүү. Заавал эвсэхээс аргагүй байдаг. Гэтэл ямар нэг хоёр нам бусдаасаа нууцаар гэрээ байгуулчихаад, янз бүрийн тохироо хийчихээд, түүнээсээ ухарч няцаад ёстой л төрийн ноён нуруу хаана хугардагийг сорих мэт хоёр жилийг өнгөрүүллээ.
Хүссэн ч эс хүссэн ч тоглохоос аргагүй. Гэтэл аль намын, хэн хожих вэ гэдгээс илүүтэй иргэд маань тун зүдрүү амьдарч байна. Хаа сайгүй үнэ нэмэгдсэнийг гайхаж шогшрох, мөнгө үнэгүйдэн цаас болсонтой эвлэрч ядан зүхэж, “ажилласныхаа хэрээр сайхан амьдрах” алтан зарчмаас гажиж цалингүй зүтгэх сайхан байна гэж бодно уу. Иргэд нь хэчнээн улстөрживч улс төрийг идэж болдоггүй, өмсөж болдоггүй аж. Энэ үнэнтэй эвлэрэхгүй аваас гайхуулаад байдаг уудам газар нутаг, хөрсөн дорхи баялаг, 60 сая толгой малаа ярьсаар байгаад өлсгөлөнгөөр хүн ам нь үхэж үрэгдэж мэдэх нь. Муу ёрлож байгаа юм биш. Гарцаа хурдан олохгүй л бол ийм байдал хаалга тогшиж байна. Тиймээс ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газраа “Дэмжлэгтэй, шийдлийн, шуурхай” хэмээн нэн тулгамдсан гурамсан шинж тэмдгээр тодорхойлсон нь юу чухал байгааг мэдэж, мэдэрснийх болов уу.
Түүнд өнөөдөр МАН-ыг гуйхгүй гээд “аальгүйтэж” гүйж явах хугацаа алга. “Манай намын экс дарга Н.Энхбаяртай гэрээ байгуулчихсан, яанаа” гээд айж суух эрх байхгүй. Тун яаралтайгаар хамгийн чадварлаг, мэргэжлийн хүмүүсээр багаа бүрдүүлж Засгийн газраа байгуулан ажилдаа яаран орох чухал байна. Ямар ажил гэж үү. Хямралтай тэмцэх. Наад хямралаа яаралтай дарж авахгүй бол эдийн засагт “нүд, чих, сэтгэл” үгүй тул “Монголын Засгийн газар шинэ тулгар байна гэж өрөвдөхгүй. Тийм учраас МАНАН-тай гэдэг үгээр тоглохын оронд өмнөх дөрвөн жилийн хугацаа талдаа орчихоод байхад “Сонгууль айсуй” гээд АН-ынхан хамтарсан Засгийн газраас гарч байсан. Харин МАН “Сонгууль айсуй” гээд сөрөг хүчин хэвээрээ байх бус “Ялагдсан ч яахав, сонгогчид ойлгоно оо” гээд үлдсэн хоёр жилд хамтарсан Засгийн газарт орж ажиллан хямралыг хамтдаа давж яагаад болохгүй гэж. Энэ чинь л жинхэнэ монголчуудын ялалт. Алдаанаас үүдэлтэй хямралтай тэмцэх цор ганц арга биш үү.
Ч.Сайханбилэг Ерөнхий сайд УИХ-д суудалтай бүх намд ижил санал тавьсан. Одоо хариу хүлээж байна. Улс төрийн хүрээнийхний ярьж байгаагаар МАНАН-2 байгуулагдах нь ч гэлцэнэ. Яагаад болохгүй гэж. Хэрэв МАН гөжиж сөрөг хүчин хэвээрээ байж байгаад 2016 оны сонгуультай нүүр тулбал нэр цэвэр үлдэнэ гэсэн тэнэг шийдвэр гаргахгүй бол тэдний туршлага хэрэгтэй л байна. Гэвч тэд намын нэр хүнд, улс орны нийтлэг эрх ашгийн алинд нь илүү ач холбогдол өгөхийг бүү мэд.
Хувь тавилангийн шоглоомоор ч гэх үү, хамтарч эвссэн Засгийн газартай үед манай эдийн засагт хямрал нүүрлэх юм. Гэхдээ эвдрэлцэх бус эвлэрэх аргаар л давж байв. Харин энэ удаад өмнөх Засгийн газар буруу бодлого явуулсны уршаар хямрал үүссэн болохоос 2009 оных шиг дэлхий дахин, бүс нутгийг хамарсан хямрал биш юм шүү дээ. Гэхдээ л Монголын эдийн засаг учраас монголчууд л аварч таарна. Өөр хэн ч ирж аврахгүй. Хожмын өдөр “тэртээх 2014 онд...” гээд л түүхийн хуудаснаа бичигдэх нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл хойч үед жишиг болж үлдэнэ гэсэн үг.
Тэгэхээр АН-ынхны зөвшилцөх санал хаана хүрч шийдэгдэх, ямар хариу гарахаас иргэн Доржийнх “санхүүгийн сэдэвтэй хэрүүл”-тэй байх уу, үгүй юу гэдэг нь тодорхой болох аж. Бүр мянга мянган Доржийнх шүү. Гэтэл үүнээс өндөрт намын нэр хүндийг аваачиж залахгүй байх. Улс төрийн намууд аль, аль нь “нүүрээ ширлэж” байгаад нэгнээ гуй. Нөгөө нь зөвшөөр. Нэгэндээ ширүүл. Нөгөө нь уучил. Ийм л аргаар өнөөдөр улс төрийн хямралаа төгсгөж эдийн засгийн хямралтай тэмцэж ялах өгөгдлийг өмнөх Засгийн газар өвлүүлсэн байна. Өмнөх Засгийн газарт байсан намууд ч, өдий хүртэл нь арга хэмжээ авч чадаагүй сөрөг хүчин ч хариуцлагаа хүлээж алдаагаа засахаас өөр эрхгүй болчихлоо. Ичих завгүй зөвшилцөл, алдах эрхгүй шийдвэр гэж үүнийг хэлдэг юм, зөвшилцөцгөө. Хамгийн гол нь ХУРДАЛ!