“Ч.Сайханбилэгийг дэмжихгүй” гэсэн Удирдах зөвлөлийн шийдвэрийг МАН-ын бүлэг дагана гэдгээ мэдэгдлээ

2014 оны 11 сарын 19

Монгол Улсын Ерөнхий сайдаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийг томилуулах саналыг Ардчилсан намаас энэ сарын 17-нд УИХ дахь МАН-ын бүлэгт ирүүлсэн байна. Энэ дагуу МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлэг хоёр өдрийн турш хуралдаж, эцсийн шийдвэрийг гаргасан тухайгаа МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар сэтгүүлчдэд дөнгөж сая мэдээллээ.

МАН-ын Удирдах зөвлөл нийт 21 гишүүнтэй бөгөөд 63 хувь нь “Ерөнхий сайдад Ч.Сайханбилэгийг томилуулах саналыг дэмжих боломжгүй” хэмээн үзжээ. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүн намын Удирдах зөвлөлөөс гаргасан дээрх шийдвэрийг дагана гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт онцоллоо.

Удирдах зөвлөлөөс гаргасан дээрх шийдвэртэй холбогдуулж, өнөөдөр өглөө Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболдод албан ёсны шийдвэрээ хүргүүлсэн аж. Ингэхдээ Шинэчлэлийн Засгийн газрын танхимд ажиллаж байсан, эдийн засаг хүндрэхэд, өр бий болгоход оролцсон гол хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг дэмжих боломжгүй. Харин одоогийн нөхцөл байдлаас гаргаж чадах хүнийг Ардчилсан нам, ҮЗХ-ооноос дахин нэр дэвшүүлсэн нөхцөлд саналыг нь хүлээн авах боломж байна гэдгээ илэрхийлжээ.

Мөн хуулиараа УИХ дахь МАН-ын бүлэг эл асуудалд шийдвэр гаргахгүй. Бүлэг хуралдсан ч гишүүдийнхээ саналыг сонссон. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн олонхи нь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжжээ гэдэг нь ташаа ойлголт. Зөвхөн Удирдах зөвлөл дээр санал хураалт болсон гэдгийг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга хэллээ.

Харин МАН-ын дарга М.Энхболд “МАН Засаг төр ажилдаа хурдан орох ёстой гэдэг зарчмыг барьж байгаа. Ардчилсан намаас Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг гишүүнийг томилуулах хүсэлтээ зөвшилцөхөөр энэ сарын 17-нд ирүүлсэн. Тэр дагуу нь МАН-ын Удирдах зөвлөл шийдвэрээ 18-нд гаргалаа. Ингэхдээ өмнөх Засгийн газрын алдааг засч, залруулах Засгийн газар гарч ажиллах нь илүү ач холбогдолтой гэдэг агуулгаар хандаж байна” гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12326
0 эможи
keyboard_arrow_up