МАН-ын Удирдах зөвлөл Ерөнхий сайдын томилгоог гацаасан уу
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 13 цагт хуралдана. Өчигдөр хэлэлцсэн боловч тодорхой шийдэлд хүрээгүй Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилох талаар АН-аас тавьсан саналыг үргэлжлүүлэн хэлэлцэж шийдвэрлээд дараа нь УИХ дахь МАН-ын бүлгээр уг асуудлыг хэлэлцэх юм. Үүний дараа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, хэрэв амжвал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн хэлэлцэх аж. Гэвч МАН-ын Удирдах зөвлөл ямар шийдвэрийг хэзээ УИХ дахь бүлэгтээ “дамжуулахаас” шалтгаалан шинээр томилогдох Ерөнхий сайд, сайд нарын асуудлыг хэлэлцэх явцын хурд ямар хугацаанд үргэлжлэх нь тодорхой болох юм.
МАН-ын Удирдах зөвлөл дээр Ерөнхий сайдын асуудал “гацчихаад байна” гэж ярьж буй ч үнэн хэрэгтээ тэдний оролцоогүйгээр анх “шинэчлэлийн” Засгийн газрыг шийдчихэж байсан шүү дээ. Тэгэхээр зөвшилцлийг “дүр эсгэх” маягаар хийгээд сурчихсан туршлагатай гэсэн үг. Харин энэ удаад Ч.Сайханбилэгийг зөвшөөрөх эсэхээр чухам аль намууд эвсэж, аль нь сөрөг хүчин болсон ямархуу өнгө төрхтэй Засгийн газар “төрөх” вэ гэдэг нь улам тодорч ирнэ.