Бие даагчид ”МАНАН”-г эсэргүүцэж сөрөг хүчин болно
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэлэхдээ, “Парламентын түүхэндээ Монгол Улс Ерөнхий сайдгүй, Сангийн сайдгүйгээр төсвөө баталлаа. Гэхдээ УИХ хариуцлагаа ухамсарлаж, хуулийн хугацаандаа төсвөө баталсан. Харин энэ төсөвд шинэ гэхээр зүйл гарсангүй. Ололттой тал нь гэвэл төсвийн хэтэрхий өндөр өсөлтийг зогсоож чадсанд байгаа юм. Нөгөөтэйгүүр 2010 оноос хойш үргэлжлэн барьж буй царцаасан барилгуудын санхүүжилтыг шийдвэрлэсэн нь банкны санхүүгийн салбарыг гацаанаас гаргах нэг алхам боллоо” гэв. Тэрбээр цааш ярихдаа энэ долоо хоногт байнгын хороодоор хэлэлцэх Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого болон Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлахдаа нухацтай хэлэлцэх хэрэгтэй гэлээ. Учир нь манай улс өнөөдөр 400-гаад хөтөлбөртэй ч хэрэгжилт нь хангалттай бус байгааг тэрбээр шүүмжлэв. Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж байгаагаа хэллээ. Хууль батлагдвал эфирт үндэсний нэвтрүүлэг, киноны эзлэх хувь хэмжээ нэмэгдэх аж.