МАН-ын Шинэчлэлийн хороо анхдугаар хурлаа хийнэ
Өнөөдөр МАН-ын шинэчлэлийн хорооноос Анхдугаар бага хурлаа хийхээр болсон тухай мэдээлэл хийлээ. Тус мэдээллийг МАН-ын Шинэтгэлийн хорооны дарга Г.Аюурзана болон бусад төлөөлөгч нар хийсэн юм. Тус Шинэтгэлийн хороо анх 2012 онд байгуулагдсан бөгөөд анхдугаар хурлаа энэ сарын 17-ны өдөр "Тусгаар тогтнолын ордон"-д зохион байгуулахаар болсон байна. МАН-ын Шинэчлэлийн хорооны анхдугаар хурлаар улс орны өнөөгийн нөхцөл байдал, улс төрийн намуудын төлөвшил, болоод өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд мөн Шинэчлэлийн анхдугаар их хурлын товыг тогтоох, зохион байгуулалт болон уг хурлаар хэлэлцэн батлах Нийгмийн хөгжлийн шинэчлэлийн хөтөлбөр 2016-2024 талаар чиглэл бүрийн ажлын хэсэг байгуулах талаар хэлэлцэх юм байна. Бага хурлын гишүүдэд нэр дэвшигчдийг онлайнаар нээлттэй нэр дэвшүүлэхийг урьсан бөгөөд иргэд идэвхитэй нэрээ дэвшүүлж одоогийн байдлаар 99 гишүүнийг эцэслэн тодруулаад байна гэж МАН-ын шинэчлэлийн хорооны дарга Г.Аюурзана хэллээ.