АН найман гишүүнээ хөөхгүй
2014 оны 11 сарын 10
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдыг огцруулахад санал өгсөн АН-ын нэр бүхий найман гишүүнийг огцруулах шийдвэрийг АН-ын Хяналтын Ерөнхий хорооноос гаргасан.
Энэ талаар өнгөрсөн баасан, бямба гарагт хуралдсан АН-ын Үндэсний Зөвлөлдөх Хорооны ээлжит бус 43 дугаар хуралдаанаар хэлэлцлээ.
Хоёр өдөр сунаж хуралдсан намын ҮЗХ-аар хэлэлцсэн гурван асуудлын сүүлийнх нь гишүүдийг хөөх тухай асуудал байсан аж. Уг асуудлыг хэлэлцэхийн эхэнд намын дарга Н.Алтанхуяг гишүүдийг заавал намаас хөөх гэж яаралгүй өөр аргаар шийдэж болно гэдгийг хэлсэн байна. Өөрөөр хэлбэл хэрэв гишүүд ууучлалт гуйвал тэдэнд өөр арга хэмжээ авч хэрэгжүүлж болно гэдгийг хэлжээ. Харин Р.Бурмаа болон С.Эрдэнэ нарын гишүүд УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэрийнхээ төлөө намаас хөөгдөх хүртэл шийдвэр гаргах ёсгүй гэсэн саналтай байсан бол сайд асан Х.Баттулга намын удирдлагууд ийм шийдвэр гаргаж байгаа бол намаасаа явахад бэлэн байна гэдгээ хэлжээ.
Түүнчлэн АН-ын Хяналтын Ерөнхий хорооноос гаргасан тогтоолыг тус хорооны дарга Л.Байгаль уншиж танилцуулсны дараа хурал даргалагч Э.Бат-Үүл Хяналтын Ерөнхий хорооноос гаргасан дээрх шийдвэр нь хууль бус гэдгийг хэлсэн байна. Өөрөөр хэлбэл намын дүрэмд зааснаар Хяналтын Ерөнхий хороо уг асуудлыг хамгийн хурдандаа гурав хоногийн дотор хэлэлцэж, тухайн хөөх гэж буй гишүүнд нь мэдэгдэх ёстой байдаг аж. Мөн Хяналтын хороо зөвхөн буруутай эсэх талаар тогтоол гаргах эрхтэй бөгөөд гишүүдийг намаас хөөх шийдвэр гаргах эрхгүй гэдгийг сануулжээ.
Үүнээс гадна Э.Бат-Үүл нарын зарим намын гишүүд хэрэв УИХ дахь намын бүлгийнхээ найман гишүүнийг хөөвөл АН УИХ-д олонхи болж чадахгүй гэдгийг хэлж энэ нь ҮЗХ-д оролцсон нийт гишүүдийн олонхийн саналыг авсан байна. Түүнчлэн Ерөнхий сайдыг огцруулах хуралдаанд суугаагүй болон санал өгөөгүй гишүүдийг хөөх тухай ярих юм бол бүр ч суудлаа алдана гэдэг саналыг дийлэнхи намын гишүүд гаргажээ.
Ингээд АН-ын Үндэсний Зөвлөлдөх Хорооны ээлжит бус 43 дугаар хуралдаанаас тогтоол гаргаж Хяналтын Ерөнхий хорооны намын гишүүнийг намаас хөөх тухай тогтоолыг хүчингүй болгосон байна.
Дашрамд дурьдахад, Хяналтын Ерөнхий хорооноос Р.Амаржаргал, Ж.Батзандан, Х.Баттулга, Д.Батцогт, Р.Бурмаа, М.Зоригт, Б.Наранхүү, Л.Эрдэнэчимэг нарын найман гишүүнийг намаас хөөх шийдвэр гаргасан бол тухайн өдрийн чуулганд суугаагүй болон санал өгөөгүй С.Одонтуяа, М.Батчимэг, Д.Арвин, Д.Ганбат, Г.Баярсайхан, С.Эрдэнэ, Д.Ганхуяг нарыг намаа хөөх тухай асуудал мөн яригдаж байсан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
11680
0 эможи