Найман гишүүнийг АН-с хөөх тухай асуудал яригджээ
Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын албан тушаалаас нь огцруулах шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрийн дараа Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл яаралтай хуралдаж, маргааш 15:00 цагт АН-ын Үндэсний зөвлөлдөх хороог (ҮЗХ) хуралдуулах болсон тухайгаа тус намын ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдсэн.
Тэгвэл өчигдөр хуралдсан АН-ын гүйцэтгэх зөвлөлийн хурлаар зөвхөн ҮЗХ-г хуралдуулах асуудлыг ярилцаад өнгөрөөгүй байна. Тус хуралд оролцсон Н.Алтанхуяг “АН-ын даргын албан тушаалаа өгөхгүй гэдгээ мэдэгдэж, Ерөнхий сайдыг огцруулах кноп дарсан АН-аас УИХ-д сонгогдсон Р.Амаржаргал, Ж.Батзандан, Х.Баттулга нарын найман гишүүний АН-с хөөх шийдвэрийг ҮЗХ-оор гаргуулна гэдгээ мэдэгдсэн байна.
Зураг: Н.Алтанхуягийг огцруулах кноп дарсан АН-ын найман гишүүн
Мөн Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэхэд УИХ-ын чуулганы хуралдаанд оролцоогүй С.Эрдэнэ, Д.Одонтуяа, Н.Батчимэг, Д.Ганхуяг нарын АН-ын долоон гишүүнийг 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх, цаашид улс төрийн өндөр албан тушаалд томилуулахгүй байлгах хариуцлага тооцно гэдгээ Н.Алтанхуяг гүйцэтгэх зөвлөлийн гишүүддээ мэдэгдсэн байна.
Түүний гүйцэтгэх зөвлөл дээрээ хийсэн дараах мэдэгдлийг АН-ын олонх гишүүд “Ардчилсан намд дотоод ардчилал байхгүй болсонг харуулж байна”, “Н.Алтанхуяг АН-ыг өөрийн хувийн өмч гэж бодоогүй байлтай” гэж нилээдгүй шүүмжлэлтэй хүлээж авч байгаа ажээ. Ямартай ч маргааш хуралдах АН-ын ҮЗХ ны хуралдаар Н.Алтанхуягийг намын даргаасаа солих эсэх сонгууль явагдана. Үүнээс үүдэн АН-ын нэр бүхий 15 гишүүн хариуцлага хүлээх эсэх нь тодорхой болох нээ.









