Д.Эрдэнэбат: Ардын намын гишүүдээс болж асуудал үүсээд байна

2014 оны 10 сарын 31

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын 28 гишүүнээс өргөн мэдүүлсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхээр товлосон ч АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ирэх долоо хоногийн лхагва гаригийн  байнгын хорооны хуралдаан хүртэл завсарлага авлаа. Тэрээр завсарлага авахдаа "Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар хугацаа алдагдаж байгаа. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэгчээр Ардын намын хэд маань ийм санал өргөн бариагүй бол асуудал ингэж хүндрэхгүй. АН-ын бүлэг үдээс хойш энэ асуудлаар үргэлжлүүлэн хуралдахаар төлөвлөсөн" гэв.

Харин түүний үгэнд УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд "Бид овоо босгоё гэж зорьж яваад байсан юм огт байхгүй. Д.Эрдэнэбат дарга үгээ олж хэлж байх нь зүйтэй болов уу. Та МАН-ын бүлгийн 26 гишүүн, танай намын бүлгийн төлөөлөл, "Шударга ёс" эвслийн бүлгийн төлөөлөл бүхий 28 гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн дагуу Ерөнхий сайдад хариуцлага тооцуулахаар өргөн мэдүүлсэн тогтоолын төсөлд ингэж хариуцлагагүй хандаж болохгүй. Энэ бичиг өргөн баригдаад 14 хонож байгаа. Та нар 14 хоногийн хугацаанд иргэд, олон түмний дунд яригдаж байгаа зүйл, тэдний санаа бодлыг сайтар судалж үзэх хэрэгтэй. 

Бидний өргөн барьсан бичиг бол Монголын ард түмний дийлэнх олонхийн хүсэл санаа зоригт нийцсэн зүйл. 28 хүн босгосон овоо биш шүү. Улс орны эдийн засгийн байдал ямар болчихоод байгаа билээ, үүнд дүгнэлт хиймээр байна. Би хэд хоногийн өмнө байнгын хорооны хуралдаанд Монголд засаглалын хямрал бий болчихлоо гэж сануулж байсан. Харин өнөөдөр засаглалын хямрал бодитой нүүрлэчихлээ. Засаглалын хямралыг дагаад хууль тогтоох дээд байгууллага үйл ажиллагаагаа явуулж чадахгүй болчихлоо.

Бакей дарга аа, Та Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд үүнд анхаарах ёстой шүү. Өнгөрсөн долоо хоногт З.Баянсэлэнгэ гишүүн Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлаас завсарлага авсан. Завсарлага дуусаад гурав хонож байна. Энэ гурван хоногт байнгын хороо асуудлаа хэлэлцэх талаар ямар ч санал санаачлага гаргаагүй. Лхагва гаригт УИХ юу ч хийгээгүй. Пүрэв гаригт УИХ төсөв дагаж орсон ганцхан асуудлыг хэлэлцсэн. Өнөөдөр дахиад завсарлага авчихлаа. Цаана нь цаг алдахгүй ярилцаж шийдэх ёстой төсвөөс эхлээд улс орны амьдралын олон асуудал бий. 

Та бүхэн энэ байдалдаа дүгнэлт хийгээч ээ. Төр улсын ажил ийм хариуцлагагүй, замхарч байхад ард олонд хэлэх үггүй болж байна. Гадна талд эмх замбараагүй байдал үүсвэл эндээс Засгийн газар, УИХ юм хэлэх эрхгүй, нүүргүй, ичмээр байдалтай болж байна. Та бүхэн хийх ёстой ажлаа ажлаа хийж чадахгүй 3-4 хоногоор ордон дотор бие биеэ хүлээгээд сэлгүүцэж болохгүй шүү дээ. Тиймээс ойрын үед энэ асуудлаа яаралтай шийдэж хуулийн хүрээнд нь болгомоор байна" гэсэн тайлбар хийлээ.

Мөн Л.Цог гишүүн завсарлага авах нэрийдлээр асуудлыг сунжруулж болохгүйг сануулаад "Бид арай дэндэж байна. Тангараг өргөчихөөд ингээд сууж болохгүй" гэж байлаа. Тэрээр АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаар хэлэх үгээ заалгахгүйгээ ч энэ үеэр хэлээд амжив.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11186
0 эможи
keyboard_arrow_up