Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах саналыг намын бүлгүүдийн гишүүд өргөн мэдүүллээ
УИХ-д суудалтай намын бүлгүүдийн гишүүд хамтарч Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах саналыг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүллээ. Энэхүү УИХ-ын тогтоолын төсөлд УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Хаянхярваа нарын 28 гишүүн гарын үсэг зуржээ.
Улс орны эдийн засаг, нийгмийн салбар бүхэлдээ хямралд орж, иргэдийн амьдрал ахуй уруудан доройтсоныг дотоод, гадаадын судалгааны байгууллагуудын дүгнэлт нотолж байгааг уг УИХ-ын тогтоолын төсөлд онцлон дурджээ. Ялангуяа валютын ханшийн хямрал, төлбөрийн тэнцлийн алдагдал хэр хэмжээнээсээ хэтэрч, олон мянган аж ахуйн нэгж дампуурлаа зарлаж, ажилгүй, орлогогүй монгол хүний тоо эрс нэмэгдсэнийг Засгийн газрын алдаатай бодлогын илрэл гэж дүгнэсэн байна. Энэхүү тогтоолын төсөлд дурдсанаар "Дэлхийд гайхагдах 17,5 хувийн эдийн засгийн өсөлт жил дараалан буурч, энэ жил 6,3 хувь болтлоо буурах дүр зураг гарсныг Дэлхийн банкнаас зарлалаа. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуягийн Засгийн газар эдийн засгийн өсөлтийг хоёрхон жилийн дотор 2,7 дахин унагаж улс орныг элгээр нь хэвтүүллээ.
Монгол Улсад өрийн дарамт бодитойгоор нүүрлэлээ. Үндэсний аудитын газрын дүгнэлтээр улсын өрийн хэмжээ 50 хувиар буюу 5,8 их наяд төгрөгөөр нэмэгдэж 17,7 их наяд төгрөгт хүрч ДНБ-ий 102 хувьтай тэнцлээ. Өнгөрсөн онд зөвхөн "Чингис" бондын хүүгийн төлбөрт 98,9 тэрбум төгрөг төлсөн нь 1990 оноос хойших үе үеийн Засгийн газрын авч ашигласан зээлийн нэг жилийн хүүгийн төлбөрөөс 3.1 дахин их болж өсчээ. Өөрөөр хэлбэл, монголчууд бидний төлөх өр сүүлийн үед аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрснийг судалгааны байгууллагууд анхааруулжээ.
Улс төр, эдийн засгийн тогтворгүй байдлаас болж гадаадын шууд хөрөнгө оруулалт ч огцом буурлаа. Өнөөдөр гадаадын шууд хөрөнгө оруулалт оны эхний 8 сарын байдлаар 627,2 сая ам.доллар болсон нь 2012 оны 8 сартай харьцуулахад 5,4 дахин буурсан үзүүлэлттэй байна. Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “Стандарт энд Пүүрс” болон “Мүүдиз” зэрэг олон улсын агентлагууд хэд дахин буурууллаа. Улсын төсвийн данс хоосорсны зэрэгцээ Засгийн газрын үнэт цаасыг худалдан авах чадвартай банк санхүүгийн байгууллага ч байхгүй болтлоо нөхцөл байдал муудлаа. Засгийн газар арга ядахдаа хууль зөрчиж 2014 оны 9 дүгээр сарын 18-ны 293 дугаар тогтоолоор Хөгжлийн банкинд Засгийн газрын үнэт цаасыг худалдаж авах зөвшөөрөл олгож, өр тавьж авсан бондын хөрөнгийг төсвийн алдагдал нөхөх зорилгоор зарцуулсан нь Н.Алтанхуягийг огцруулах хангалттай үндэслэл болно.
Энэ байдал цаашид үргэлжилбэл тун удахгүй Засгийн газар цалин, тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаандаа тавьж чадахгүй байдалд хүрэхээр байна. Засгийн газрын алдаатай бодлогын уршгаар валютын ханш 40 орчим хувь, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ 30-80 хувиар өссөнөөр ард түмний худалдан авах чадвар эрс муудсан"-ыг Ерөнхий сайдыг огцруулах саналдаа онцгойлон дурджээ.
Нэгдүгээрт, Монгол Улс улсын нэгдсэн төсөв, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, “Чингис” болон “Самурай” бонд, Хөгжлийн банкны гэсэн таван төсөвтэй болсноор ард түмний хөрөнгө хяналтгүй, үр ашиггүй зарцуулагдаж байна. Улс орны ирээдүйн хувь заяагаар дэнчин тавьж авсан бондын хөрөнгийг дур мэдэн зарцуулж байгаа нь Монгол Улсын Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчсөн.
Хоёрдугаарт, Засгийн газар улсын нэгдсэн төсвөө тооцоо судалгаатай, бодит үндэслэлтэй боловсруулж чадахгүй, төсвийн орлого бүрдүүлэх үүргээ биелүүлж чадаагүйгээс хоёр жил дараалан төсвийн орлого, зарлага 1 их наяд гаруй төгрөгөөр тасарсан. Энэ нь Монгол Улсын Төсвийн тухай хууль, Засгийн газрын тухай хуульд заасан төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн бодлого чиглэлээ энэ Засгийн газар хэрэгжүүлж чадахгүй байгаагийн илрэл юм.
Гуравдугаарт, эдийн засгийн хямралыг хохирол багатай даван туулах зорилгоор хэрэгжүүлсэн “Эзэн-100" хөтөлбөр цаг хожих арга, улс төрийн шоу болоод дууссан. Өөрөөр хэлбэл, улс орны эдийн засгийг 100 хоногт сэргээж, эрчимжүүлэх биш уруудуулж доройтуулж, үнэ ханшийн хямралыг улам гааруулсан. "Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай" тогтоолын төслийг хэрэгжүүлэх нь бүү хэл харин ч дарга нарын тансаг хэрэглээ, амралт зугаалга нь ихсэж, бүтэц орон тоо нь улам нэмэгдсэн.
Дөрөвдүгээрт, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нь төрийн албанд шургалуулсан ах дүү, хамаатан садангийн сүлжээ, зөвлөх, туслах, ажлын албаараа дамжуулан төсвийн хөрөнгийг хууль бусаар ашигласан, авлига, албан тушаалын нийт 40 гаруй тэрбум төгрөгийн хохирол бүхий хэрэгт холбогдсон олон ноцтой мэдээллийг эрх бүхий хуулийн байгууллагууд олон нийтэд мэдээлсэн. Тиймээс Ерөнхий сайдыг албан тушаалаасаа татгалзаж, нэр холбогдсонхэргүүдээ нэг бүрчлэн шалгуулах ёстой гэж үзжээ.