МАН-ын бүлэг 2015 оны төсвийн төслийг буцаах шаардлага хүргүүллээ

2014 оны 10 сарын 14

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, Төсвийн ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол 2015 оны төсвийн төслийг буцаахыг шаардсан таван зүйл бүхий шаардлагыг УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүллээ. 
Уг шаардлагад "Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,  Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдаж өргөн баригдсан хуулийн төслүүд нь улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг бодитой үнэлж дүгнээгүй, төсөв мөнгөний бодлого хоорондоо уялдаагүй, эдийн засгийн хямралаас гарах бодлого, арга хэмжээ тодорхойгүй, эдийн засгийн алдаатай бодлогын үр дагаврыг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд үүрүүлэн, тэднийг татварын дарамтад оруулж, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа олон хууль, тогтоомжийг зөрчсөн гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзэж байгааг онцолсон байна. Ингэхдээ

Нэгдүгээрт, Засгийн газрын шинэ бүтцийг УИХ-аар баталсантай холбогдуулан өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаан, төсвийн хэмнэлтийн горимд шилжих талаар Засгийн газарт чиглэл өгсөн УИХ-ын 2014 оны 30, 34 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах, татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай төсөвлөх зорилгоор Засгийн газрын шинэ бүтцэд нийцүүлэн, дахин боловсруулж өргөн барих шаардлагатай гэж үзэж байна.

Хоёрдугаарт, 2015 оны төсвийн тухай хуулийн төсөлд зээлийн үйлчилгээний төлбөрт 707,9 тэрбум төгрөг буюу нэгдсэн төсвийн урсгал орлогын 10 хувийг зарцуулахаар төсөвлөжээ. Энэ нь 2011 оны нэгдсэн төсвийн зээлийн үйлчилгээний төлбөрт төлсөн 37,3 тэрбум төгрөгтэй харьцуулахад 19 дахин их болж эрс нэмэгджээ. Засгийн газар өнөөдөр өрийн дарамтад ороод байгаа ба ийнхүү өрийн хэмжээг нэмэгдүүлсэн нь зөвхөн өөрсдийн эрх ашгийг бодож, улс орон, ард түмнийхээ ирээдүйгээр тоглож буйн илрэл мөн. 2017 оноос эхлэн Хөгжлийн банкны зээл, "Чингис" бондын мөнгийг эргүүлэн төлж эхлэх үед манай улсын санхүүгийн байдал улам хүндэрч, гүн хямралд орох эрсдэл өндөр байна. Улс оронд өрийн хямрал бодитой нүүрлээд байхад улсын өрийн нэр томъёоны тодорхойлолтыг өөрчлөх, өрийн дээд хязгаарыг ДНБ-ий 40 хувиас 90 хувь болгон нэмэгдүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хууль зөрчин өргөн барьсан гэж үзэж байна.     

Гуравдугаарт, улсын төсөв, санхүү хариуцсан сайд Ч.Улаан 2015 оны төсөвт цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 2,5 дахин нэмэгдүүлэхэд 500 орчим тэрбум төгрөг тусгасан гэж үнэ, ханшийн өсөлтөд дарлуулж буй ард иргэдээ, олон түмнээ хуурлаа. Төсөвт тусгасан гэх 500 тэрбум төгрөг нь цалин, тэтгэвэр, тэтгэмжийг дунджаар 30 орчим хувиар нэмэгдүүлэх бололцоотой хөрөнгө гэж мэргэжлийн хүмүүс тооцоолж байна. Шинэчлэлийн гэх Засгийн газар төрийн албан хаагчдыг ялгаварлан, 2014 онд зөвхөн багш, эмч, соёлын үйлчилгээний ажилчдын цалинг ард иргэдээс нууцлан хагас дутуу нэмсэн нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2-т заасан “хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж, УИХ дахь МАН-ын бүлэг эрс буруушааж байна.

Дөрөвдүгээрт, эдийн засгийн хямрал нүүрлэсэн үед Засгийн газар орон нутагт эрх шилжүүлэх нэрээр төсөв батлах эрхийг хэт хавтгайруулан олгож, төсвийн хөрөнгийн зарцуулалтад тавих хяналтыг сулруулж, улс орны нийгмийн чанартай бүтээн байгуулалтын ажлыг царцаахад хүргэж байна. Учир нь орон нутагт зорилтот хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт хэмээх нэрийн доор одоо улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа нийгмийн чанартай олон барилга, байгууламжийн төсөв, санхүүжилтийг бүрэн шийдвэрлэлгүйгээр орон нутгийн мэдэлд шилжүүлж байгаа нь улсын хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогыг алдагдуулж, улмаар Засгийн газрын хуулиар хүлээсэн хариуцлагаас зугтах гэсэн оролдлого гэж дүгнэж байна.

Тавдугаарт, Монгол төгрөгийн худалдан авах чадвар эрс унаж, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурсан үед ард иргэдийн халааснаас шууд гарах малчин өрх, мал бүхий этгээдийн, үл хөдлөх хөрөнгийн, авто тээврийн хэрэгслийн албан татварыг нэмэгдүүлэх, нийслэлийн албан татварыг шинээр бий болгохоор төсөвлөснийг УИХ дахь МАН-ын бүлэг эрс эсэргүүцэж байна. Иймд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төслийг Засгийн газарт буцаахыг ШААРДАЖ байна" гэжээ. 

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10080
0 эможи
keyboard_arrow_up