Зөвшөөрлийн тухай болон холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

2014 оны 10 сарын 10

  Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2014.10.10.Баасан гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 05 минутад 55.3 хувийн ирцтэй эхэлж, долоон асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

  Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар эхэлж, хуулийн төслийн талаарх танилцуулгыг сонссон юм. Энэ хуулиар үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хохирол учруулж болзошгүй, орчиндоо аюултай аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, хязгаарлагдмал нөөц бүхий нийтийн өмч, эрхийг эзэмших, ашиглахад зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, цуцлах, зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой нийтлэг харилцааг зохицуулах юм.

 Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт, Л.Энх-Амгалан, Д.Ганбат, Н.Сарангэрэл, А.Бакей, Ж.Батсуурь, З.Баянсэлэнгэ, Ё.Отгонбаяр, Л.Болд, Д.Оюунхорол, Ц.Даваасүрэн нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Уг хуулийн төсөл нь нийтдээ 10 бүлэг, 37 зүйлтэй юм. Зөвшөөрлийг хянах, олгох үйл ажиллагааны арга, дэглэмийг тогтоох зорилгоор “онцгой”, “тусгай”, “энгийн” гэсэн гурван бүлэгт ангилахаар тусгажээ. Онцгой зөвшөөрлийг өргөдөл, нөхцөл байдлыг магадлан шалгах ажиллагааг явуулж, ажлын хэсэг, зөвлөлөөр хэлэлцсэний үндсэн дээр Засгийн газар, Засгийн газрын гишүүн, тусгай зөвшөөрлийг ердийн журмаар буюу өргөдлийг түүнд хавсаргасан баримт бичгийг хянаж үзэх ажиллагааг явуулсны үндсэн дээр төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, эсхүл эдгээрээс эрх шилжүүлэн авсан этгээд, энгийн зөвшөөрлийг хялбаршуулсан журмаар буюу тодорхой болзол хангасан тохиолдолд төрийн захиргааны байгууллага, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, эсхүл эдгээрээс эрх шилжүүлэн авсан этгээд олгохоор тусгасан байна.

 Мөн зөвшөөрөл олгох үйл ажиллагааны нийтлэг журмыг төсөлд нарийвчлан тодорхойлж, онцгой зөвшөөрлийг 30, тусгай зөвшөөрлийг 14, энгийн зөвшөөрлийг 7 хоногийн дотор шууд олгохоор тусгажээ. Гэхдээ онцгой зөвшөөрлийг 10, тусгай зөвшөөрлийг 15 жилийн хугацаатай, харин энгийн зөвшөөрлийг хугацаагүйгээр олгох юм байна. Түүнчлэн зөвшөөрлийг түдгэлзүүлэх, цуцлах, хүчингүй болгох, цуцлах үндэслэл, журмыг хуулийн төсөлд нарийвчлан тодорхойлсон байна. Тухайлахад, тухайн этгээд нь иргэний эрх зүйн чадамжгүй болох нь илэрсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, хууль бусаар зөвшөөрөл авсан нь тогтоогдсон нөхцөлд тухайн зөвшөөрлийг хүчингүй болгох, харин сунгахдаа өргөдөл хүлээн авснаас хойш 10 хоногт багтаан шийдвэрлэх, хууль зөрчөөгүй бол зөвшөөрлийг сунгахаас татгалзах эрхгүй байхаар төсөлд тусгасан талаар төсөл санаачлагч УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг гишүүдийн асуултад хариулахдаа танилцуулав.

 Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуульд тусгай зөвшөөрлийн хамрах хүрээг өргөжүүлэх, эрх бүхий этгээд дур зоргоор элдэв бичиг баримт шаардахаас урьдчилан сэргийлсэн чухал ач холбогдолтой зохицуулалтыг хуульчилсан боловч эдгээр зохицуулалтын хэрэгжилтэд хяналт тавих бие даасан бүтэц байхгүйгээс өнөөдөр улсын хэмжээнд зөвшөөрөл олгох эрх бүхий 54 байгууллага 914 төрлийн тусгай зөвшөөрөл олгож байна. Иймд зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих, зөвшөөрлийн талаарх хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагын талаар санал дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус бүтцийг Ерөнхий сайдын дэргэд ажиллуулахаар тусгасан гэдгээ төсөл санаачлагч танилцуулсан юм.

 Хэлэлцэж буй хуулийн төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Н.Сарангэрэл, С.Баярцогт, Я.Содбаатар нар үг хэллээ. Хуулийн төслүүдтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүдийн олонх нь хөрөнгө оруулалтыг татах, бизнес эрхлэх тааламжтай орчинтой улс болох нөхцөл бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой, бизнес эрхлэгчдийн хүсэн хүлээж байгаа чухал хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр оруулж ирж буйд олзуурхаж байгаа, хуулийн төслүүдийг цаг алдалгүй хэлэлцэж батлах нь зүйтэй гэдгийг хэлээд хэлэлцүүлгийн шатанд анхаарах асуудлын талаар байр сууриа илэрхийллээ. Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 52 гишүүний 48 нь буюу 92.3 хувь нь төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9978
0 эможи
keyboard_arrow_up