“Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц” болон зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа

2014 оны 10 сарын 09

 Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2014.10.09/ үдээс өмнөх хуралдаанаар “Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.07.08-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийг хэлэлцлээ.

 

Конвенцийн гол зорилго нь хүнийг “хүчээр алга болгох”-оос хамгаалах, ийм төрлийн үйлдлийг таслан зогсоох, гишүүн улс бүр уг үйлдлийг гэмт хэрэг гэж үзэн эрүүгийн хууль тогтоомждоо тусгах, хохирсон этгээдийн эрх ашгийг хамгаалах талаар тодорхой арга хэмжээ авахад оршиж байгаа аж. Энэхүү конвенц нь Монгол Улсын хууль тогтоомжид зааснаас өөр журам тогтоож байгаа, хүний салшгүй эрхтэй холбогдсон олон улсын гэрээ тул Олон улсын гэрээний тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар Улсын Их Хурлаар заавал соёрхон батлах олон улсын гэрээ юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар, олон улсын гэрээ конвенцийг орчуулахдаа орчуулгын ямар хэлбэрийг барьж ажилладаг талаар тодруулсан бол Ч.Хүрэлбаатар гишүүн энэ конвенцид орсноор гадаад улс орнуудад алга болсон монгол иргэдийн талаарх асуудлыг шийдэх, арга хэмжээ авах ямар давуу тал, нөхцөл боломж бий болох асуудлыг хөндсөн. Орчуулгыг хадмал хэлбэрээр хийдэг бөгөөд ямар нэгэн хэлбэрээр хийх тодорхой хуульчилсан зүйл байхгүй. Олон улсын гэрээний эрх зүйн дагуу бусад улс орны жишгээр явдаг гэсэн тайлбарыг ажлын хэсгээс өгсөн бол энэхүү конвенцид нэгдэн орсноор хохирсон иргэний асуудлыг шийдэх гол механизм бий болно гэдгийг Хууль зүйн сайд хэллээ. Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт, энэ конвенцид манай өмнө болон хойд хөрш хоёулаа нэгдээгүй байгаа. Мөн АНУ, Канад нэгдээгүй. Харин Латин америкийн улсууд, Азиас Япон, Европын холбооны улсууд нэгдсэн. Гарын үсэг зурж баталгаажуулсан 33 улс байдаг. Манай улс цаашид том том конвенциудад нэгдэхдээ өөрсдийн нөхцөл байдлыг үнэлээд, харилцан хамааралтай, бизнес хийдэг, манай иргэд хамгийн их зорчдог улс орнууд нэгдэж байна уу үгүй юу гэдгийг судалж байж нэгдэхэд анхаарах шаардлагатайг хэллээ.

Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа “Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц”-ийг соёрхон батлах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн 61,4 хувь дэмжлээ.

Үүний дараа Монгол Улсын Засгийн газар, Бельгийн Вант Улсын Засгийн газрын хооронд 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн/-ийг хэлэлцэв.

Хууль санаачлагчийн илтгэлийг Эдийн засгийн сайд Н.Батбаяр, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг нар танилцууллаа.

Төслийн зорилго нь Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв (БОЭТ)-ийг орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр ханган, эмч мэргэжилтнийг сургах замаар баруун бүсийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад оршиж байгаа юм.

Уг зорилгын хүрээнд БОЭТ ба бусад төвүүд, аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн хоорондын харилцаа холбоог сайжруулах (телемедицин), БОЭТ-ийн лаборатори, оношилгоо, чадавхийг бэхжүүлэх, БОЭТ дахь эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, Бүсийн менежер, эмч, мэргэжилтнүүд болон инженер техникчдийн мэргэжлийн ур чадварыг сайжруулах, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд мэдээллийн технологи нэвтрүүлэх, ашиглалтыг сайжруулахаар төлөвлөсөн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн тавьсан асуултад Эрүүл мэндийн сайд Н.Удвал хариулт өгөв.

Мөн гишүүд байр сууриа илэрхийлж үг хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Монгол Улсын өрийн хэмжээ ДНБ-ний 65,6 хувьд хүрсэн. Өртэй хүн өөдөлдөггүй гэж ярьдаг. Өнөөдөр өрийн хэмжээг нэмэгдүүлэх хэмжээгээр дахиад зээл орж ирж байна. Эдийн засгийн байдал хүнд байгаа энэ үед заавал гаднаас зээл авах шаардлагагүй. Үргүй зардлаа хасаж, энэ төслийг хэрэгжүүлэхэд төсвийн хэмнэлтүүдийг гаргаж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Харин Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт, хуулийн төслийг дэмжихээ илэрхийлсэн юм. Тэрээр, дотооддоо байгаа хүндрэлүүдээ яриад шийдэж болно. Харин гадаадтай харьцаж байгаа харилцаан дээрээ хэн нэгэн сайдын үзэл бодлоор явж болохгүй. Энэ төслийг хэрэгжүүлэх асуудал бол манай талын тавьсан санал. Гадна талдаа монголчууд нэг бодолтой байх хэрэгтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, манай улс олон улсад нэр хүндээ алдаж болохгүй. Баруун бүсийн ард иргэд үнэхээр хүнд нөхцөлд ажиллаж амьдардаг. Баруун бүсээс өвчин зовлонгоо эдгээх гэж, сургууль, ажилд орж амьдрал ахуйгаа сайжруулах гэж Улаанбаатарт ирдэг. Тэр хэмжээгээр нийслэлд суурьших хүн амын өсөлт нэмэгдэнэ. Иймд баруун бүсийн иргэдийг нутагтаа сайхан амьдрах орчин нөхцлийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. 30 жилийн хугацаатай хүүгүй зээлийг яагаад дэмжиж болохгүй гэж. Зээлийн зарцуулалт, зохицуулалт нь ч өөр нөхцөлтэй байгаа. Алслагдсан бүс нутагт амьдарч байгаа ард иргэдийг дэмжиж туслах ёстой гэсэн юм.

Ингээд Монгол Улсын Засгийн газар, Бельгийн Вант Улсын Засгийн газрын хооронд 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн 77,8 хувь нь дэмжсэнээр үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан завсарлав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9903
0 эможи
keyboard_arrow_up