Өргөдлийн байнгын хорооныхон орон нутагт ажиллаж байна
Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны гишүүн С.Ганбаатар, Ж.Батсуурь болон Байнгын хорооны ажлын албаны ажилтнууд энэ сарын 03-06-ны өдрүүдэд Говьсүмбэр, Дорноговь аймгуудад ажиллалаа. Улсын Их Хурлаас батлагдан гарч байгаа хууль тогтоомж орон нутагт хэрхэн хэрэгжиж байгаа, иргэдийн өргөдлийг хэрхэн шийдвэрлэж байгаа, иргэдээс ирсэн өргөдлийн дийлэнх хувийг ямар асуудал эзэлж байгаатай танилцаж, Байнгын хорооны ажлын албанаас аймаг, орон нутгийн удирдлагуудад заавар зөвлөмж өглөө.
Мөн Улсын Их Хурлын гишүүд Дорноговь аймгийн Айраг сум болон Сайншанд хотын иргэдтэй уулзалт зохион байгуулсан юм. Уулзалтад оролцсон иргэдийн олонх нь орон нутагт явуулж байгаа уул уурхайн олборлолтыг цэгцлэх, цалин тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, зөрүүг арилгах, байгаль орчин, хот тохижилтын ажлыг сайжруулах зэрэг олон саналыг Улсын Их Хурлын гишүүд болон Байнгын хорооны ажлын албаныханд дуулгаж байв.
Түүнчлэн Өргөдлийн байнгын хорооны ажилтнууд "Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дахь Цагаан дэлийн агуйг уул уурхайн компаниуд үгүй хийж байна" гэсэн иргэдийн гомдлоор агуйн нөхцөл байдалтай танилцах ажлыг зохион байгуулсан юм. Цагаан дэлийн агуй нь 1,2 км-ийн урттай Монголын хамгийн урт агуйн нэг юм. Тус агуй нь Дорноговь аймгийн Айраг сумын нутагт Их нартын хадны зүүн талын төгсгөлийн цав толгодын дунд Айраг сумын төвөөс баруун тийш 30 гаруй км зайд оршдог. Уг агуй нь 1968 онд хайлуур жонш олборлож байсан 27 дугаар сувагт дэлбэрэлт хийх үед доргилтоор нурж нээгджээ. Анх орсон хүмүүс агуй дотор ус мөс, бүтнээрээ шахам байсан нохой шиг толгойтой том амьтан, өөр бусад амьтны яс маш ихээр байсныг олж үзээд ШУА-д захиа бичиж судлан үзэхийг хүсэж байжээ.
Одоогийн байдлаар агуйг улсын тусгай хамгаалалттай газарт бүртгээгүй байгаа бөгөөд жагсаалтад оруулаад байгааг орон нутгийн салбар хариуцсан мэргэжилтнүүд хэлж байв. Цагаан дэлийн агуйг тойроод жоншны есөн уурхай үйл ажиллагаа явуулдаг байна. Орон нутгийн иргэдийн зүгээс уурхайнуудын үйл ажиллагааг зогсоохгүй бол дахин давтагдашгүй, байгалийн үзэсгэлэнт газар болох уг агуй ухсан нүх болж хувирах магадлал өндөр байгаа учраас ийнхүү гомдол гаргасан гэдгээ хэлж байлаа.
Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар агуйн нөхцөл байдалтай танилцаад, агуйг унаган төрхөө алдаагүй энэ байдлаар нь авч үлдэхийн төлөө Өргөдлийн байнгын хорооны гишүүд болон ажлын албаныхантай хамтран ажиллана гэдгээ мэдэгдэв. Байнгын хорооын ажлын албаны ажилтнууд болон Мэргэжлийн хяналтын байгаль орчны хэлтсийн байцаагч нарын Дорноговь аймгийн зарим сумдад үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын үйл ажиллагаатай танилцах, иргэдийн санал гомдлыг сонсох ажил үргэлжилж байна.