УИХ-ын дарга багш нарт мэндчилгээ дэвшүүллээ

2014 оны 10 сарын 04

Алдрай бяцхан багачуудаас азай буурал хүртэл БАГШ АА хэмээн хүндлэн дээдэлдэг Монгол Улсын үе үеийн багш Та бүхэндээ Дэлхийн болон Монголын багш нарын өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

 

Энэ жилийн Дэлхийн багш нарын өдрийг “Ирээдүйдээ хөрөнгө оруулъя, Багш нартаа хөрөнгө оруулъя” уриатай тэмдэглэн өнгөрүүлж байгааг төр засгийн зүгээс сайшаан дэмжиж, монголын багш нарын баярыг тэмдэглэн өнгөрүүлж байна. Монголчууд бид “Багш дор мөргөе. Ном дор мөргөе” хэмээн багшийг шүтэн дээдэлж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн. Багшийг хүндлэхийн учир нь хүнээр хүн хийх эрхэм үйлийн эзэд учраас тэднийг зөв сайн үйлээрээ үлгэр дууриалалтай ажиллаж, амьдарч явахыг ухааруулсан хүндлэл байсаар ирсэн. Цаашдаа ч байх болно.

XXI зууны техник технологийн асар хурдацтай түүхэн цаг үед боловсролын чанарын шинэчлэлийг сурах арга барилтай, шийдвэр гаргах чадвар бүхий Зөв монгол хүүхдийг хөгжүүлж төлөвшүүлэх, мэргэжлийн өндөр мэдлэг, боловсрол эзэмшсэн боловсон хүчнийг бэлтгэн гаргах зорилго тавин цаг хугацаатай уралдан ажиллаж буй бүх шатны сургууль, цэцэрлэгийн эрхэм багш нартаа талархал илэрхийлж байна.

Төр засгийн зүгээс боловсролын салбарын хөгжлийн төлөө болон багшийн тасралтгүй хөгжилд хөрөнгө оруулах, багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх, багш боловсролд шинэчлэл хийж, чанартай багш бэлтгэхэд шаардагдах хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч ирсэн бөгөөд цаашид өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ шаардлагыг хангахын төлөө бүтээлчээр ажиллах болно.

УИХ-ын 2014 ээлжит намрын чуулганы хуралдаанаар “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн баталж, холбогдох эрхзүйн орчныг боловсронгуй болгосноор Монголын боловсролын тогтолцоо, хөтөлбөрийн агуулга, олон улсын жишигт хүрэх илүү өргөн боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Шинэ зууны хөгжлийн түүхийг бүтээлцэх, боловсролын чанарын шинэчлэлийн түүчээ болсон Багш нартаа дахин баяр хүргэж, та бүхний алдар суу, амжилт бүтээл өөдрөг байхыг ерөөе.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                     ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД

 

2014.10.03

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9711
0 эможи
keyboard_arrow_up