Засгийн газрын бүтцийн тухай асуудлыг Байнгын хороо дэмжлээ

2014 оны 10 сарын 03

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 2014 оны намрын ээлжит чуулганы анхны хуралдаанаа өнөөдөр /2014.10.03/ үдээс хойш хийлээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2012 оны 14 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцуулсан юм.

  Шинэчлэлийн Засгийн газрыг анх 16 яамтай байхаар зохион байгуулснаар эдийн засаг, уул уурхай, барилга, хот байгуулалт, зам тээвэр зэрэг олон салбарын бодлого тодорхой болж, эдгээр салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ахиц гарлаа. Тухайлбал, гадаад зах зээлээс хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг Засгийн газрын үнэт цаас гарган босгож, дэд бүтцийн зарим салбар болон улсын эдийн засгийн чухал салбаруудад хөрөнгө оруулан орон сууцны барилгын дэд бүтэц, хот хоорондын зам, иргэний нисэх, орон сууц барьж байгуулан, эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлж, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх үйлдвэрийн салбарууд амжилттай хөгжих бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлж байна. Эдгээр яамд өнгөрсөн хугацаанд хариуцсан чиг үүргээ сайн биелүүлж ажиллалаа гэдгийг төсөл санаачлагч дурдав.

Гэхдээ Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах зорилгоор Засгийн газрын яамдын бүтцийг оновчтой тогтоож, чиг үүргийн давхардалгүй ажиллах үүднээс зарим яамдыг нэгтгэж өөрчлөн зохион байгуулахаар эдгээр хууль тогтоомжийн төслийг санаачлан өргөн барьсан гэдгээ Ерөнхий сайд хэлээд Засгийн газрын бүтцийн тухай саналаа танилцуулав. Уг хуулийн төсөлд Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамыг нэгтгэн Сангийн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн Геологи, уул уурхай, эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн яамыг нэгтгэн Дэд бүтцийн хөгжлийн яам болгон өөрчилж, нийт 13 яам, 11 тохируулагч агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай ажиллахаар Засгийн газрын бүтцийг өөрчлөхөөр тусгажээ.

Түүнчлэн Засгийн газрын бүтцэд Монгол Улсын Тэргүүн шадар сайд, Монгол Улсын Шадар сайд гэсэн албан тушаалтан байхаар тусгажээ. Учир нь гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаад харилцааг эдийн засагжуулах, хөрш орнууд болон гадаад оронтой харилцах эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, яам хоорондын гадаад хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах зорилгоор Гадаад харилцааны сайдыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд болгох, үүнтэй холбогдуулан одоогийн Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд хариуцахаар төсөлд тусгасан байна.

 Мөн Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн бодлогыг зөв тогтоож, удирдлагыг хэрэгжүүлэх үүднээс Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийн хөгжлийн хороог ажлын аппаратын хамт бий болгох, Төрийн өмчийн хороог Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамааруулахаар тусгажээ.

Засгийн газрын бүтцийг өөрчилснөөр яамдын үйл ажиллагааны давхардлыг арилгаж, шуурхай болгохын зэрэгцээ илүүдэл орон тоог цөөрүүлж, төсвийг зохих хэмжээгээр хэмнэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа аж.

  Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хорооны гишүүн Су.Батболд, Р.Бурмаа нар Ерөнхий сайдаас асуулт асууж тодруулан Байнгын хорооны гишүүн Су.Батболд, Д.Лүндээжанцан, С.Баярцогт, Сү.Батболд, С.Дэмбэрэл нар үг хэлэв. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд зуун хувийн саналаар хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2012 оны 14 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9684
0 эможи
keyboard_arrow_up