МЭНДЧИЛГЭЭ

2014 оны 10 сарын 03

МОНГОЛ УЛСАД ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН АЛБА

ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 90 ЖИЛИЙН ОЙД

Монгол Улсад орчин үеийн тоо бүртгэл, статистик мэдээллийн мэргэжлийн алба үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг тохиолдуулан төрийн энэ чухал албыг үүсгэн байгуулах, хөгжүүлэн бэхжүүлэх үйл хэрэгт хүч хөдөлмөр, авъяас чадвараа зориулсан үе үеийн статистикчид, тэдний үйл хэргийг үргэлжлүүлж байгаа өнөө үеийнхэн Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Эх орныхоо хүн, мал, эд хөрөнгийн тооллого явуулахаас ажлаа эхэлсэн энэхүү алба үүссэн цагаасаа Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн явцыг бодит мэдээллээр тодорхойлж, шинэ хэрэгцээ шаардлагын дагуу мэдээлэл технологийн дэвшлийг тооцоо судлагаандаа нэвтрүүлж, эрхлэх ажил, үзүүлэх үйлчилгээгээ улам өргөжүүлж төр, түмэндээ үйлчлэх эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж ирлээ.

Статистикийн албыг бэхжүүлэх талаар төр, засгаас онцгой анхаарч улс орны хөгжлийн үе шат бүрд авсан арга хэмжээний үр дүнд Монгол Улсын Статистикийн алба орчин үеийн мэдээлэл судалгааны томоохон төв, мэдээллийн үйлчилгээний үндэсний хэмжээний байгууллага болон хөгжиж байна.

Монгол Улсын Их Хурлаас Статистикийн тухай хуулийг анх 1994 онд батлан гаргаж, 2004 онд шинэчлэн найруулсанаар манай улсын статистикийн албаны үйл ажиллагаа хараат бус бие даасан байдлаар явуулах эрх зүйн таатай орчин бүрдсэн юм.

Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжсэнээр үндэсний тооцоо, хэрэглээний үнэ, инфляци, амьжиргааны түвшин, ажилгүйдэл зэрэг эдийн засаг, нийгмийн олон үзүүлэлтүүдийг тооцох арга зүйг боловсронгуй болгох, олон улсын стандартад нийцүүлэх зорилтыг амжилттай шийдвэрлэж байна.

Албан ёсны статистикийн үйл ажиллагаанд мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшлийг ашиглаж, мэдээллийн чанар, үнэн бодит байдлыг хангах чиглэлээр манлайлан ажиллаж, Монгол Улсын хэмжээнд хүн ам, өрхийн бүртгэлийн нэгдсэн санг бүрдүүлэх, статистикийн салбарын нэгдсэн сүлжээг бий болгон цаасгүй технологийг нэвтрүүлэх зэрэг ажлыг амжилттай хэрэгжүүлж байгааг дурьдахад таатай байна.

Монгол Улсын статистикийн салбарын түвшинд Олон улсын цогц үнэлгээ хийсний дээр Олон улсын байгууллагууд энэ өдрүүдэд Үндэсний статистикийн хороотой хамтран “Үндэсний статистикийн сисемийн хөгжилд цогц үнэлгээний гүйцэтгэх үүрэг” сэдэвт хурлыг зохион байгууллаа. Энэ нь манай статистикийн байгууллагын хөгжил, нэр хүнд ямар түвшинд хүрсэнийг харуулж байна.

Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны хамт олон “Статистикийн тухай” хуульд заасан тооллого, судалгааг өндөр зохион байгуулалттай чанартай явуулах, статистикийн салбарыг 2011-2015 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хэрэгжүүлэх, “Монстат” төслийн үйл ажиллагааг амжилттай дуусгах, орон нутгийн статистикийн албадын чадавхийг бэхжүүлж, анхдагч мэдээллийн чанарт ахиц дэвшил гаргах үндсэн зорилтоо амжилттай ханган биелүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Та бүхэнд дахин баярын мэнд дэвшүүлж, ажил үйлс тань амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.
 

MOНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

Улаанбаатар хот 2014.10.02

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9680
0 эможи
keyboard_arrow_up