Нийтийн сонсголын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг хийж байна
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Нээлттэй нийгэм форум, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр хамтран “Нийтийн сонсголын тухай” хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр /2014.10.03/ Төрийн ордонд зохион байгуулж байна.
Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, олон нийтийн хэлэлцүүлгийн эргэх холбоо байхгүй гэж хэлж болохоор байна. Тийм учраас шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангах нь ардчиллыг хөгжүүлэх төрийн үйлчилгээг сайжруулах хөгжлийн бусад ололт амжилтуудыг хэрэгжүүлэх чухал арга зам гэдгийг өнөөдөр бид хүлээн зөвшөөрч байна. Чухам энэ аргыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгийг шийдвэрлэх нь өнөөдрийн тулгамдсан асуудал. Иргэд шийдвэр гаргах үйл хэрэгт хичнээн хэмжээгээр оролцоно тэр хэмжээгээр шийдвэр гаргагчид, албан тушаалтнууд эрх мэдлээ хууль бусаар хэтрүүлэн хэрэглэхээс урьдчилан сэргийлэх боломж олгож байгаагаараа ач холбогдолтой гэж үзэж буйгаа илэрхийлэв. Мөн тэрээр, иргэдийн оролцоонд төрийн бодлогын талаар илүү их мэдээлэлтэй болгох санал бодлоо илэрхийлэх, шийдвэр гаргах шатанд оролцоогоо нэмэрлэх боломжийг тэдэнд бүрдүүлэн өгөх оролцооны дүнд бий болсон бодлогын үр дүнг иргэд хүлээн зөвшөөрч дэмжих явдал нэмэгдэж ил тод байдал хариуцлагыг дээшлүүлж нөөц боломжийг үр ашигтай байлгах асуудлаар хэлэлцэх болно. Тийм учраас "Нийтийн сонсголын тухай" хуулийн төсөлд төрийн бус байгууллагуудын төлөөлөл, төв орон нутгийн зарим байгууллагын саналыг авах нь чухал хэмээн онцлон хэлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр, нийтийн сонсголын тухай хууль нь төрийн бодлого шийдвэр гаргахад иргэдийн санал санаачилгыг хэрхэн тусгах вэ гэдгийг зохицуулж байгаа юм. Хуулийн төслийг боловсруулах явцад иргэд саналаа өгдөг зохицуулалт одоо хүртэл байгаа. Харамсалтай нь санал нь тусгагдсан уу үгүй юу, хууль санаачлагчдад хүрсэн үү хүрээгүй юу, замд нь алга болсон уу гэдэг нь тодорхойгүй байдаг. Энэ байдал нийтийн сонсголын тухай хууль батлагдсанаар үндсэндээ цэгцэрнэ хэмээн тайлбарлалаа.
Сонгогчдын боловсрол төвийн гүйцэтгэх захирал С.Оюунтуяа, нийтийн сонсголын тухай хуулийн төслийн зарим зүйл заалтын талаар мэдээлэл хийлээ. Тэрээр, хуулийн төслийг сонсголын үе шат бүрээр нь нарийвчлан процедур, журмыг нь тодорхой болгох, Иргэдийн оролцоог бодитой болгох, дэмжих, сонсголд оролцох талуудын эрх зүйн байдлыг нэг бүрчлэн тогтоох зэрэг хэд хэдэн ерөнхий зөвлөмжийг хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулсан юм.
Нийтийн сонсголын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ажилтнууд, Нээлттэй нийгэм форум, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн ажилтнууд болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцлоо.