УИХ-ын гишүүд Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ
Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, С.Ганбаатар, Д.Батцогт, З.Баянсэлэнгэ нар өнөөдөр /2014.10.03/ Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарлан ахмад настнуудын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх талаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, цалин, тэтгэвэр иргэдийн амьжиргааны үндсэн хэрэгцээг хангаж чадахгүй болоод байна хэмээгээд энэ нь сүүлийн хоёр жилд огцом нэмэгдсэн инфляцын түвшин, валютын ханшаас үүдэн өргөн хэрэглээний барааны үнэ өссөнтэй холбоотой гэж тодотгосон юм. Тиймээс тэтгэврийн доод хэмжээг 300 мянган төгрөгт хүргэх, 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийн зөрүүг арилгахад нэн шаардлагатай хөрөнгийг 2015 оны төсөвт суулгах талаар дээрх шаардлагадаа тусгасан талаар сэтгүүлчдэд дуулгасан юм. Мөн тэрбээр энэхүү шаардлагыг хэвлэлийн бага хуралд оролцсон гишүүдээс гадна Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, О.Баасанхүү нар дэмжиж байгааг уламжилсан.
Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, хоёр жилийн өмнөх 250 мянган төгрөгийн тэтгэвэр өнөөдөр 170 мянган төгрөгтэй тэнцэж байна гээд шийдвэр гаргагчдын буруутэй үйлдлээс болж тэтгэврийнхэн хохирох ёсгүй гэж мэдэгдсэн юм.
Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ, ахмад настнууд тэтгэврийн зээл авах нь их байгаа ч өндөр хүүтэй тэтгэврийн зээлээ эргэн төлж чадахгүйд хүрч байгаа учир тэтгэврийн хүүгүй зээл олгох талаар тодорхой арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлж байлаа.
Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт, Засгийн газар бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хийж байгаа. Тэрхүү ажлыг бид хоёр жил дэмжиж ирсэн гээд, харин одоо иргэдийн амьжиргааг дээшлүүлэхийн тулд Засгийн газрыг шахажажиллах болно гэж хэлсэн. Гишүүд ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.