“Цахим парламент" төсөл , Улсын Их Хурлын хуралдааны цахим системийн нээлтийн арга хэмжээ болов
Улсын Их Хурлын Тамгын газар, БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлсэн ”Цахим парламент" төсөл, Улсын Их Хурлын хуралдааны цахим системийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2014.09.29/ Төрийн ордонд болов.
Нээлтийн арга хэмжээний өмнө Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Тэ Ру, Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Kойка/-ын Суурин төлөөлөгч Чой Хын Ёл, КТНЕТ компанийн Ерөнхийлөгч Сео Кванг Хён болон албаны бусад төлөөлөгчдийг албан өрөөндөө хүлээн авч уулзсан юм.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог Монгол, БНСУ-ын парламент хоорондын хамтын ажиллагаанд түүхийн шинэ хуудас нээгдэж буйг онцлоод хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи бүхий “Цахим парламент" төслийг хэрэгжүүлсэн явдалд талархал илэрхийлэв. Мөн тэрээр “Монголын парламент байнгын ажиллагаатай болоод 24 жил болж байгаа харьцангуй залуу парламент учир олон улсын туршлага бидэнд хамгаас чухал. Энэ долоо хоногт нээгдэх гэж буй Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өмнөхөн “Цахим парламент" төсөл нээлтээ хийж байгаад баяртай байна.” гэв.
БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Тэ Ру Улсын Их Хурлын дэд даргыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд “Цахим парламент” төсөл нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд өндөр ач холбогдолтой төсөл гэдгийг онцлов.
Мөн тэрээр БНСУ-ын Үндэсний Ассамблей “Цахим парламент” системд шилжээд удаж байна. Мэдээлэл, технологийн салбар өдрөөс өдөрт хөгжиж байгаа учир Монгол Улсын парламентад хэрэгжүүлсэн “Цахим парламент" төсөл нь манай улстай харьцуулахад хамгийн сүүлийн үеийн техник, технологиос бүрдсэн илүү шинэлэг, илүү давуу байгаа гэдэгт итгэлтэй байна.” гэлээ.
Энэхүү уулзалтын дараа “Цахим парламент" төслийн нээлтийн арга хэмжээ болов. Төслийн нээлтэд Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Тэ Ру, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Тамгын газрын Нарийн бичгийн дарга Б.Цэвээнпүрэв болон зарим хэлтсийн дарга нар, мөн Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /KOICA/-ын Суурин төлөөлөгч Чой Хын Ёл, КТНЕТ компанийн Ерөнхийлөгч Сео Кванг Хён болон албаны бусад хүмүүс оролцов.
Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог “Цахим парламент" төслийн нээлтийн арга хэмжээг нээж үг хэллээ. Тэрбээр “Ирэх жил Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохионо. Манай хоёр орон, түүний дотор Монгол Улсын Их Хурал, БНСУ-ын Үндэсний Ассамблей хамтын ажиллагааны баялаг түүхтэй. Улсын Их Хурлын Тамгын газар, Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОИКА/-тай хамтран олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Энэхүү хамтын ажиллагааны түүхийн хуудсыг нэмсэн бас нэгэн чухал арга хэмжээ бол БНСУ-ын Засгийн газрын 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Улсын Их Хурлын Тамгын газарт хэрэгжсэн энэхүү цахим парламент төсөл юм.” гэв.
Төслийн хүрээнд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхим болон Байнгын хороодын хуралдааны танхимуудад техник, технологийн орчин үеийн ололтыг тусгасан программ хангамж, дуу, дүрсний систем бүхий хуралдааны иж бүрэн цахим системийг шинээр суурилууллаа. Тухайлбал, чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хороодын хуралдаанд ашиглах Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хуульд бүрэн нийцсэн программ хангамж, техникийн өндөр үзүүлэлт бүхий тоон системийн нийт 16 ширхэг камер, чадлын өсгөгч бүхий 18 ширхэг чанга яригч, дэлхийн олон орны парламентад ашиглагддаг 230 ширхэг микрофонт гар, чуулганы хуралдааны 5 танхимын дуу, дүрсний удирдлагын систем, чуулганы хуралдааны бие даасан сүлжээ, нөөцлөх төхөөрөмжүүд болон дагалдах техник хэрэгслүүдийг суурилуулаад байна. Эдгээр техник, тоног төхөөрөмжийг шинээр суурилуулснаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд төдийгүй Байнгын, дэд, түр хороодын хуралдаанд цахим системийг ашиглах боломж бүрдэж байгаа гэдгийг Улсын Их Хурлын дэд дарга онцлоод төслийг амжилттай хэрэгжүүлэхэд идэвх зүтгэл гарган, Улсын Их Хурлын Тамгын газартай хамтран ажилласан БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын яам, Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /KOICA/-ын Суурин төлөөлөгчийн газар, КТНЕТ компанийн удирдлагуудад талархал илэрхийллээ.
БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Тэ Ру үг төслийн нээлт дээр хэлсэн үгэндээ “Манай хоёр улсын хамтын ажиллагааг бататгасан бас нэгэн түүхэн үйл явдал өнөөдөр болж байна. Монгол Улсын парламентыг цахим системд шилжүүлэх ажил 2013 онд эхэлж, богино хугацаанд хийж гүйцэтгэлээ. Энэ төслийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улсын парламент орчин үеийн техник, технологид суурилсан цахим системд шилжиж байгаа юм. Монгол Улсын парламент ард түмэндээ ил тод, нээлттэй, шуурхай байхад нь БНСУ цаашид ч дэмжин ажиллах болно.” гэлээ.
Дараа нь Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Тэ Ру, Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Kойка/-ын Суурин төлөөлөгч Чой Хын Ёл, КТНЕТ компанийн Ерөнхийлөгч Сео Кванг Хён нар “Цахим парламент” төслийг албан ёсоор нээж хүндэтгэлийн тууз хайчилсан юм. Мөн уг төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажилласан Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Kойка/-ын Суурин төлөөлөгч Чой Хын Ёл, КТНЕТ компанийн Ерөнхийлөгч Сео Кванг Хён нарт Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар талархал илэрхийлж, талархлын бичиг гардуулав.
Төслийн нээлтийн арга хэмжээний дараа зочид, төлөөлөгчид Төрийн ордны зүүн жигүүрт байрлах парламентын сэтгүүлчдийн өрөө, техникийн удирдлагын төвтэй танилцсан юм. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар парламентын сэтгүүлчдийн өрөөг чуулганы хуралдааны бүх танхимын дуу, дүрсний сигналыг нэг цэгээс өндөр чанартайгаар хүлээн авч бичлэг хийх боломжтой тоног төхөөрөмжөөр тоноглож шинэчлэн тохижуулснаар хууль тогтоох үйл ажиллагааны мэдээ, мэдээллийг иргэд сонгогчид, олон нийтэд шуурхай түгээх боломжийг бүрдүүлсэн талаар танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.